Пуужингийн аккумулятор Иранд зарахыг оролдсон этгээдэд ял оноов

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

АНУ-д баривчлагдсан британи эр Кристофер Таппин Иранд пуужингийн бүрдүүлбэр зүйл зарахыг оролдсон хэмээн буруутгагдаж байна. Энэ шийдвэрийг Техас мужийн Эль Пасо шүүх гаргажээ. Уг эрд 33 сарын хорих ял ба 11,2 мянган долларын торгууль тавигдаж байгаа аж.

Өмнө нь, Хойд Лондонгийн оршин суугч, 65 настай уг эр шүүхийн өмнө өөрийн бурууг хүлээсэн нь шийдвэр зөөлнөөр гарахад нөлөөлсөн байна.

Америкийн хууль сахиулах байгууллагынхан Таппинийг Иранд пуужингийн системд зориулсан 50 аккумулятор худалдахыг оролдсон гэж сэжиглэж байжээ. Түүнийг 2012 оны хоёрдугаар сард АНУ-д баривчилсан ба эхлээд буруугаа үгүйсгэж байгаад дараа нь шүүхийн өмнө хүлээсэн байна.

Үүнээс хэдэн сарын дараа мөрдөн байцаалтад нотлох баримт олдсон аж. Уг этгээд Исламын Бүгд найрамдах улс руу агаарын хамгаалалтын пуужинд зориулсан аккумуляторуудыг хуулиас далдлан нуух зорилгоор Амстердамаар дамжуулан Тегеранд хүргэх гэж байсан нь тогтоогдсон байна. Энэ үед худалдан авагчдын дүрд Холбооны мөрдөх товчооны ажилтнууд зүсээ хувирган тоглосон аж.

Тухайн үед британи эрд 35 жилийн ял оногдох магадлалтай байсан ба өөрөө сайн дураар шүүх хурлаас өмнө бүх буруугаа хүлээн, болсон процессийг нэгбүрчлэн танилцуулснаар харьцангуй хөнгөн ялаар шийтгүүлэхээр болсон байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top