Нью-Иоркийн бирж дээр түүхий тосны үнэ 93.41 ам.доллар байна. Энэ нь өмнөх өдрөөс 0.33 хувиар өссөн үзүүлэлт юм. Ер нь бол түүхий нефтийн ханш арванхоёр оны дунд үеэс эхлэн буусан үзүүлэлттэй байгаа. Арваннэгэн онд Брент төрлийн түүхий нефтийн дундаж ханш 110 ам.доллар байсан бол арванхоёр оны дундаж ханш 112 ам.доллар байсан.
Хар алтны ханшийн сүүлийн үеийн дүр зургийг аваад үзэхэд дэлхийд түүхий нефтийн хэрэглээгээрээ эхний хоёрдугаарт ордог манай өмнөд хөрш БНХАУ-ын түүхий нефтийн импорт арваннэгдүгээр сард өсч, 5.69 сая баррельд хүрсэн нь Брент төрлийн түүхий нефтийн үнэ бага зэрэг өсч, 107.33 ам.долларт, лайт төрлийнх бага зэрэг буурч 85.56 ам.долларт хүрэхэд нөлөөлж байсан. Гэхдээ Итали улсын улс төрийн тогтворгүй байдал, ОПЕК ирэх онд олборлох бүтээгдэхүүн нийлүүлэлтээ хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн зэрэг нь түүхий нефтийн ханшийн уналтад нөлөөлж байсан. Харин Холбооны нөөцийн сан мөнгөний тэлэх бодлогоо үргэлжүүлэх шийдвэр болон Олон улсын эрчим хүчний агентлаг 2013 онд түүхий нефтийн хэрэглээ өснө гэсэн судлагааг олон нийтэд мэдээлсэн нь Брент төрлийн түүхий нефтийг 110 ам.доллар хүртэл огцом өсөхөд хүргэсэн юм.
Ер нь бол өнгөрсөн оны эхний улирлуудад ханш нь боломжийн байсан хар алтанд оны сүүлч нэлээд ачааг үүрүүлж дарсан байдалтай байлаа. Үүнд ам.долларын ханш бусад активуудын эсрэг чангарсан нь жин дарах нөлөөллийг үзүүлсэн юм. Гэхдээ энэ онд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн асуудал болоод үнэ тогтворжино гэсэн прогнозыг судлаачид хийж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )