Оросын кинопрокатуудаар өнөөдрөөс эхлэн Лев Толстойн романаар бүтээгдсэн “Анна Каренина” шинэ кино гарч эхэллээ. Дэлхий дахинаа алдартай, хайр дурлалын гайхамшигтай түүхийг английн алдартай жүжгийн зохиолч Том Стоппард, найруулагч Жо Райт нар бүтээжээ. Киноны гол дүрд Кира Найтли, Жуд Лоу нар тоглосон аж.
Өмнө нь Анна Каренинаг Грета Гарбо, Вивьен Ли, Софи Марсо... гээд олон жүжигчид бүтээж байсан билээ. Энэхүү хүндтэй жагсаалтанд нэмэгдэж байгаа 27 настай Кира Найтлигийн хувьд энэ нь түүний гурав дахь орос “дүр” юм байна \Лара-“Доктор Живаго”, Сабина Шпильрейн-“Опасный метод”\.
Толстойн романыг Кира анх 17 настайдаа уншсан ба сүүлд нэгэн ярилцлагадаа өгүүлснээр, амьдралдаа ахин уншихыг хүссэн анхны ном нь байсан гэжээ.
“Анна Каренина бол маш зөрчилтэй дүр. Түүнийг бүхий л сэтгэл зүрхээрээ хайрлахад хэцүү. Тэр нэгэн зэрэг эерэг ба эсрэг дүрийн баатар. Тэр өөрийгөө жолоодох талаар асар хүчирхэг хэрнээ зарим үед хичнээн сул дорой нь харагддаг. Хайр дурлал, эрч хүчээр дүүрэн тэрээр үргэлж инээн, үнэхээр бахадмаар сайхан харагдана! Гэвч үүнтэй зэрэгцээд түүний сөрөг талууд гарч ирнэ. Миний бүтээсэн дүрийн хамгийн хэцүү нь Анна Каренинаг бүхий л зөрчилт талуудтай нь хамт үзүүлж, үзэгчдийг түүнд дурлуулахгүй байх зорилгоор тэнцвэртэй байдал илэрхийлэх явдал байсан” хэмээн жүжигчин бүсгүй ярьсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )