Хойд Солонгосын телевиз тус оронд айлчилж буй Google компанийн захирлуудын зөвлөлийн дарга Эрик Шмидт, Нью-Мексико мужийн амбан захирагч асан Билл Ричардсон нарын бичлэгийг дамжууллаа.
Америкийн том бизнесмен, улс төрч хоёр Төрийн департментийн зүгээс дургүйлхсэнийг үл хайхран, БНАСАУ-д хувийн ажлаар ирсэн байна. Тэд Ким Ир Сен, Ким Чен Ир нарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Солонгосын компьютерийн төвөөр орж сонирхон, одоогийн удирдагч Ким Чен Уныг гар утасны тохиромжтой сүлжээг улсдаа байгуулан, Интернетээ хөгжүүлэхийг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, БНАСАУ-ын эрх баригчид анх удаа гадаадын хөрөнгө оруулалтад зориулж улс орныхоо эдийн засгийг нээхэд бэлэн байгаа аж.
Зочид Пүрэв гаригт айлчлалаа дуусган Бээжин ниссэн ба арваннэгдүгээр сарын 3-нд Хойд Солонгосын Расон хотод баривчлагдсан, солонгос гаралтай, АНУ-ын иргэн Пэ Чжун Хо-г суллуулах гээд чадаагүй бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )