Венесуэлийн нийслэлд Пүрэв гаригт Мирафлорес ордны дэргэд Уго Чавесыг дэмжих олон нийтийн жагсаал боллоо. Түүнд оролцогчид улс орны удирдагчдаа үнэнчээ илэрхийлсэн бэлэгдлийн тангараг өргөцгөөв. Ерөнхийлөгч одоогоор хүнд мэс заслын дараа Кубын Гаванын эмнэлэгт хэвтэж байгаа билээ.
Олон мянган хүнтэй энэхүү сүрт жагсаал Венесуэлийн Засгийн газрын уриалгаар Уго Чавесын тангараг өргөх ёслол товлогдсон байсан өдөр болсон аж. Зохион байгуулагчдын үзэж буйгаар, Каракаст болсон энэхүү арга хэмжээ нь ерөнхийлөгчийн шинээр эхэлж буй зургаан жилийн хугацааны эхлэлийг бэлэгдсэн үйл болж байна.
1999 оноос хойш засгийн эрх барьж байгаа Венесуэлийн удирдагч өнгөрөх аравдугаар сард явагдсан бүх нийтийн сонгуульд түвэггүй ялалт байгуулсан хэдий ч хүнд өвчний улмаас тангараг өргөх ёслолоо “эдгэртлээ” хойшлуулаад байгаа билээ. Уго Чавесыг төрийн тэргүүний үүргээ гуйцэтгэсэн хэвээр байх болно гэсэн шийдвэрийг Венесуэлийн Дээд шүүх, Үндэсний ассамблей саяхан гаргасан байна.
Одоогийн байдлаар төрийн удирдагчийн чухал үүргийг Дэд ерөнхийлөгч бөгөөд Гадаад харилцааны сайд Николас Мадуро түр орлон гүйцэтгэж байна.
Уго Чавес болон Венесуэлийн Үндсэн хуулийг дэмжих сүрт арга хэмжээнд Латин Америк ба Карибын тэнгисийн арав гаруй орны төр засгийн удирдагчид оролцон, тус улсын ерөнхийлөгчтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн үг хэлцгээсэн байна. Тэдний дунд Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес, Никарагуагийн Даниэль Ортега, Уругвайн Хосе Мухика, Суринамын Дезире Боутерсе нар байжээ.
Энэхүү жагсаалын гол зорилго нь Уго Чавесын сүр хүч, нэр нөлөөг гайхуулан, түүний эрүүл мэндийн хүнд байдлыг буруугаар ашиглахыг оролдож байгаа сөрөг хүчнийхэнд хүчтэй цохилт өгөх явдал байв.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )