Лондон хотноо Кембрижийн гүнж Кэтриний анхны албан ёсны хөрөг зураг тавигджээ.
Баасан гаригт Лондон дахь Үндэсний хөрөг зургийн галерейн орох хаалганы дэргэд олон хүн цугларсан ба урилгаар ирсэн сурвалжлагчид бүхнээс түрүүнд орж ханхүү Уильямын гэргий Кэтрин гүнжийн хөргийг үзэхээр яаравчлан тэмүүлж байсан аж.
Гүнж өөрөө энэхүү үзэсгэлэн дээр байхгүй байсан бөгөөд уг хөргийг бүтээсэн зураач Пол Эмслигээс асуулт асууж болохоор байжээ. Энэхүү зураач алдартнуудтай харьцаатай байдаг ба түүний бийрээр Нельсон Манделагийн хөрөг амилж байжээ. Энэ удаад британичуудын хайртай гүнж Кэтриний хөргийг бүтээсэн нь онцгой тохиолдол аж. Сонин хэвлэлийн хуудаснаас салдаггүй бүсгүйн хөргийг олон нийт гайхахаар бүтээнэ гэдэг асар ур чадвар шаардсан ажил байх нь мэдээж.
“Энэхүү албан ёсны хөрөг зураг бол Английн ирээдүйн хатан хааны хөрөг болох учраас нэгэн зуунаар тогтохгүй урт хугацаанд хүмүүс түүнийг харах юм. Эхлээд энэ үүрэг хариуцлага надад асар дарамттай санагдан, нервтүүлж байсан бол сүүлдээ харин ч маш ховор боломж олдсонд бахархах сэтгэл төрсөн” хэмээн зураач ярьжээ.
Уг хөрөг зургийн ажил хагас жилийн өмнө эхэлжээ. Тэрээр гүнжтэй хоёр удаа л зураг авалт хийсэн ба бусад үед нь фото зургууд дээр ажилласан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )