Усейн Болт руу лонх шидсэн этгээд ял авч магадгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 12

Олимп-2012 тэмцээний үеэр ойрын зайн алдартай гүйгч Усейн Болт руу лонх шидсэн танхай этгээд олон нийтийн хэв журам зөрчсөн хэрэгт буруутгагдсан байна. Энэхүү шийдвэрийг Лондонгийн магистратын шүүх гаргажээ.

Уг хэрэг наймдугаар сарын 5-ны өдөр, 100 м гүйлтийн тэмцээний үед болсон билээ. 34 настай Эшли Джилл-Уэбб Голландын шигшээгийнхэнд зориулсан суудал руу тасалбаргүй нэвтэрч орсон байжээ. Тэрээр гүйлтийн зам руу шар айрагны лонх чулуудсан нь гүйгчдэд ойрхон туссан боловч Болтыг 9,63 секундын амжилтаар ялахад саад болж чадаагүй байна.

Танхайрагчийг Олимп-2012 тэмцээнд хүрэл медаль хүртсэн, голландын эмэгтэй жүдоч Эдит Босх барьж авсан боловч, Джилл-Уэбб эсэргүүцэл илэрхийлэн, хоёр минутын турш Усейн Болтыг янз бүрээр доромжлон хашгирсан аж.

Мөрдөн шалгах явцад уг танхайрагч сэтгэцийн өвчтэй нь тогтоогдсон боловч шүүхийн зүгээс түүнийг зориуд хорон санаагаар уг үйлдлийг хийсэн хэмээн үзсэн байна.

Ял оноох эцсийн шийдвэр хэд хоногийн дараа гарах ба танхайрагчид 6 сар хүртэл хорих ял болон өндөр хэмжээний торгууль оногдох магадлалтай байгаа аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top