ЮКОС-ын “Хараагдсан” эзэн М.Ходорковский

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

                                

Сибирийн алслагдсан шоронд ял эдэлж буй Михаил Ходорковский нэгэн цагт дэлхийн хамгийн баян 20 хүний нэгд тооцогдож, Оросын газрын тосны зах зээлийн хамгийн том тоглогч, “ЮКОС”-ын  тэргүүн явсан билээ. Харин түүний эдүгээ цагийн амьдрал ийм байгаагийн  учгийг ухвал, гарцаагүй В.Путинтай холбогдож таарна. М.Ходорковскийг наранд биш нарсанд байх ёстой гэдэгт эргэлзээгүй итгэлтэй байгаагаа илэрхийлдэг В.Путиныг өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсантай зэрэгцэн Д.Медведев эрхэм Улсын Ерөнхий Прокурорын газарт  даалгавар өгч байв. Тэр нь Михаил Ходорковскийд холбогдох хэргийг дахин хянах тухай байсан. Гэвч барууны зарим ажиглагчид экс ерөнхийлөгч Д.Медведевийн тэрхүү шийдвэрийг В.Путины зүгээс бамбарууштаа өгсөн даалгавар гэж харсан бөгөөд  сөрөг хүчнийхэн болон М.Ходорковскийтой тохиролцоо хийсэн байх магадлалтай хэмээн тайлбарлаж байсан. Гэсэн ч одоогийн нөхцөл байдлыг харахад ажиглагчид алдаж харсан байх магадлал өндөр байна. Уг нь Ходорковский суллагдлаа гэхэд Монте Кристо гүнгийн дүрд хувирч, Кремлийн бүрэн эрхтнүүдэд өш хонзон санаж, гай болохгүй тул  тайвширцгааж болно хэмээн өөрөө хэлж байгаа ч Оросын улстөрд хамгийн нөлөөтэй ялтан түүнийг  В.Путин тэгж амар тавихгүй дүр зураг өнгөрсөн жилүүдэд илүүтэй ноёлж ирсэн юм. Тэгээд ч эрхэмсэг ноён В.Путин өөрөө телевизийн ярилцлагад орохдоо ОХУ-ын шүүхийн тогтоолын дагуу хоригдож байгаа Михаил Ходорковскийн шууд зааврын дагуу үйлдэгдсэн байх магадлалтай хүн амины таван хэрэг бий хэмээн ярьж, түүнийг эдийн засгийн бас эрүүгийн хэрэгт буруутгаж байгаагаа илэрхийлсэн нь, Кремлийн зүгээс шүүхийн шийдвэрт дахин шинээр нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүйг харуулсан явдал болсон юм.

Гол нь өнөөдрийг хүртэлх хугацаанд Михаил Ходорковский  ОХУ-ын шүүхээс хоёронтоо ял сонсохдоо орлогоо нуун дарагдуулсан, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэхчлэн олон сая доллараар хэмжигдэх мөнгөний хэрэгт буруутгагдсанаас биш В.Путины буруутгаад байгаачлан  хүн амины хэргийн захиалагч гэдгээр ял сонсоогүй.  Тэрчлэн Ходорковский  өөрт нь үйлдсэн гэм буруу байхгүй, В.Путин тэргүүтний авлигын торонд орооцолдсон тогтолцооны эсрэг тэмцсэнийхээ шанд, бас дэлхийд дөрөвдүгээрт жагсч байсан нефтийн компани ЮКОС-т нь шунагсадын золио болон ялтан болж хувирсан  гэсэн байр суурь дээрээ өнгөрсөн есөн жилийн хугацаанд няцалгүй зогсож, улстөрийн зорилготойгоор худал баримт бүрдүүлэн өөрийг нь буруутгаж, ялынх нь хэмжээг нэмэгдүүлж байгааг, цаашид ч үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлэх байх хэмээн бодож буйгаа илэрхийлж ирсэн.

Магадгүй, түүнийг буруутгах дараагийн шинэ үндэслэлүүд нь хүн амины хэрэгтэй холбоотой байж болохыг барууны ажиглагчид үгүйсгэхгүй байгаа нь, Ходорковскийн үлдсэн амьдрал үнэхээр торны цаана төгсч болзошгүй нь гэсэн харыг лавшруулж байгаа юм. Хэрэв үнэхээр тийм зүйл болвол Михаил Ходорковскийн хувьд 2016 онд суллагдах болов уу гэсэн итгэл найдварынх нь цог бүрэн унтарна. Эргэж хэзээ цогшихыг нь хэн ч үл мэднэ.  Үнэндээ  Ходорковский В.Путин байгаа цагт суллагдана гэдэгтээ итгэлгүй байна. Түүнийг  “хараасан” В.Путин дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Ходорковскийн хувьд түрүүхэн өгүүлээд байсан итгэл найдварынх нь цогийг  хэдийнэ унтраасан ч байж мэдэх...  

Ямартай ч, өдгөөгийн Ерөнхий сайд Д.Медведевийн өнгөрсөн хавар гаргасан нигүүлсэнгүй шийдвэрийн дараахан Михаил Ходорковскийн ээж Марина  Ходорковская  хүүгээ эргэж очсон байдаг. Тэгээд хэвлэлийнхэнтэй уулзаж хүү нь ямаршуухан байгааг дуулгахдаа   “Миша эсэргүүцлийн цуглааны  шалтгаан, сөрөг хүчний санал  бодлыг сонирхож байсан. Гэхдээ бараг юу ч ярилгүй,  инээд  алдаж  байсан”  хэмээгээд  Д.Медведев  үнэн хэрэгтээ хэнд  ч  ямар ч үүрэг  өгөөгүй, юу ч  хийхийг  завдаагүй   санагдсан. Харин   иргэдийн хөдөлгөөн сая жинхэнэ  нойрноосоо сэрвэл л тэр цочирдож мэднэ хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн  “М.Ходорковский, П.Лебедев  нарын  асуудал  нь зуугаадхан мянган хүний хүрээнд  тавигдах, яригдах асуудал биш. Ерөөс Оросын нийгмийн тогтолцоотой холбож харах ёстой бугшсан асуудал шүү дээ” хэмээн хэлсэн байна. Түүнчлэн  Орос орон даяар бугшин бүрхсэн хуяган бүрхүүлийг хуулж хаях хүсэлтэй хүү нь, өөрсдийг нь унагачихаад, босгосон бүхнийг нь дэвсэн, дургиж байгаа өнөөгийн эрх баригчдыг “гахай”-нууд гэж үздэг тул ээжээсээ  “эргэлтээр ирэхдээ гахайн мах хэзээ ч битгий авчраарай. Би хэнийг ч дайлмааргүй байна” хэмээн хүссэнийг ч хэлсэн байна. Гэхдээ хүү нь  хэзээний уужуу тайван байдлаар “Юм  бүхэн  урьдын  адил  сайхнаараа. Хаврын  наран   ээсээр. Намуухан  өглөө  гадаа  налаймаар...” гэж хэлээд юу ч болоогүй мэт инээмсэглэж байсныг ч хэвлэлийнхэнд хэлжээ.  

Юутай ч, Кремлийн шазууртай эзний зэвүүг хүргэснийхээ горыг үзэж өөрийн хамтрагч “МФО  Менатеп”-ийн  тэргүүн  Платон  Лебедев, “ЮКОС”-ын  аюулгүй  байдлын албаны  дарга  асан  Алексей  Пичугин  нарын  32 хүнд  холбогдох хэргийн гол буруутнаар нэрлэгдэн, ял сонсож өргөст торны цаана 9 жилийг өнгөрөөж байгаа М.Ходорковскийд эрх чөлөө тэгж амар ирэхгүй болов уу. Ходорковский, Лебедев нарт холбогдох хэргийг жил гаруйн өмнө прокурор хянасан ч, 14 жилийн ялаас нь нэг л жилийг хороосон билээ. Хэрэв дээр хэлсэнчлэн дахин  шүүх хурал болж, түүнийг шинэ үндэслэлүүдээр буруутгахгүй л бол тэр уг нь арванзургаан онд эрх чөлөөт иргэн болох учиртай.

Гэсэн ч ЗХУ задран унасны дараах Кремлийн төрийн сангаа хувийнхандаа шилжүүлэх бодлогын улбаагаар “мэндэлсэн”, улмаар хувьчлалаар авсан хөрөнгөө захиран зарцуулахдаа Кремлийн дараагийн шинэ  удирдагч В.Путины таалалд үл нийцсэн тул шийтгүүлсэн олигархиудын дотроос хамгийн ихээр зовж байгаа ялтан гэгдэх М.Ходорковскийд наранд гарах завшаан хэзээ тохиох бол гэдэгт хэн ч хариулт өгч дийлэхгүй байна. Нэгэн цагт газрын тосны их гүрний “том” зантай шазруун тэргүүлэгч байсан түүнд тэгж томрох боломжийг атгуулсан буянтан нь мэдээж Кремль. 

Хуучин Орос нуран унаж, социалист эдийн засгийн тогтолцоог бүрэн халж, шинэчлэгчид шинэ бодлогыг хөрсөнд буулгахаар хүчээ дайчилж байсан тэр үед Англи, Франц, Герман зэрэг баруунтнуудын зүгээс хувьчлалыг  эхлүүлэх шаардлагатай тулж асан Борис Ельцин өмч хувьчлалыг эхлүүлсэн. Гэхдээ Ельцин өмч хувьчлалын үр дүнг барууныхан бус Оросууд өөрсдөө хүртэх ёстой, тэгж ч хийх ёстой гэдгийг баттай ухамсарлаж байсан. Тиймээс ч М.Ходорковский ЮКОС-ыг 350 сая доллараар  авсан байдаг. Тэрчлэн ЮКОС түүний мэдэлд очсоноос хэдхэн сарын дараа компанийнх нь зах зээлийн бодит үнэлгээ 6 тэрбум доллараар хэмжигдэж, Ходорковскийг  хувьчлалын буянаар 5 тэрбумыг зүгээр л халаасалсан хэмээн бусад нь ярих болсон байдаг. Гэхдээ тэр ийм хэмжээний хөрөнгийг өөрийн болгосон нь үнэн байлаа ч, луйвардаж авсан гэж харах нь өрөөсгөл. Учир нь Борис Ельцин компаниудыг дэлхийн жишгээр үнэ хүргэн хувьчилсан бол хэзээ ч М.Ходорковский болон бусад нь авч чадахгүй байх байсан гэдэг. Тиймээс ч Борис Ельцин Орос орны өмчийг барууныханд тавиад туучихгүйн тулд хэтэвч нимгэн, дөнгөж хөл дээрээ зогсон ядаж байсан, ирээдүйн олигархиудтайгаа тохиролцоо хийн төрийн өмчийг хувьчлах замыг сонгосон байдаг. Нэг ёсондоо найр тавьсан ч гэж харж болохоор. Гэхдээ тэдний захиран зарцуулалтад хяналт тавих ёстойгоо  Борис Ельцин сайн мэдэж байж. Тэрээр Кремльд жилд нэг удаа Оросын хамгийн баян бизнесмэнүүдтэй уулзаж, тулдаг уламжлалыг тогтоосон нь ч тэрхүү хандлагынх нь илэрхийлэл юм. Тэгэхдээ Борис Ельциний зүгээс бизнесмэнүүдийг улстөрд ороход аймшигтай хатуу хоригийг тавьж байсан уу гэвэл үгүй. Гэтэл түүний халааг авч Кремльд заларсан В.Путин мөн л түүний уламжлалыг даган хамгийн баян бизнесмэнүүдтэй уулзалт хийхдээ, хамаагүй хатуу харьцах арга замыг сонгосон. Тэр бизнесмэнүүдэд “та нар улстөрд орж болохгүй” гэсэн хатуу сануулгыг шууд л өгсөн. Харин М.Ходорковскийн тухайд  улстөрд орох эртний хүсэл, зорилго байсан. Тэгээд ч улстөр дэх нөлөөллөө амжилттай ахиулж байсныг нь илтгэх баримт ВР корпорацийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан John Browne-ын  “Бизнесээс ч илүү” номд  бий. John Browne М.Ходорковскийг  дэндүү өндөрт гарчихсан байсан хэмээн тодорхойлсон байгаа юм. Тэрээр М.Ходорковскийтой уулзсан тухайгаа,  Оросын газрын тосны хүчирхэг эзэн түүнд Оросын улстөр дэхь өөрийнх нь хяналтад байдаг нөлөө бүхий хүмүүсийн талаар ярьж байсныг дурсаад дэндүү хүчтэй болсон байсныг нь нэхэн тодотгосон байгаа.

Мөн Интерполийн ОХУ дахь Төлөөлөгчийн газрын дарга асан Владимир Овчинский  В.Путин, М.Ходорковский нарын  зөрчилдөөний бодит шалтгаан нь “ЮКОС”-ын тэргүүн татвараас зайлсхийж,  ихээхэн  хэмжээний мөнгийг  завшсанд бус шууд улстөрийн агуулгатай болохыг мэдэгдсэнийг НТВ.Ru сайт дамжуулсан юм. Владимир Овчинский  үүрэгт ажлаа өгсөнийхөө дараа  “...Ходорковский АНУ-ын дэд ерөнхийлөгч Дик Чейнитэй дотно  харьцаатай  байсан нь В.Путиний хувьд болгоомжлолыг дагуулж байсан.  Тэрээр Ходорковскийг өөрийнх нь эрхэм дээд сэнтийг булаалцалдана гэж хардаж байсан. Тэрдундаа Дик Чейни гэхчлэн Америкийн нөлөө бүхий улстөрчдийн дэмжлэгийг ашиглан өөрийг нь зайлуулж болзошгүй гэж үзсэн тул Ходорковскийгоос сэргийлсэн хэрэг” хэмээн мэдэгдсэн юм.

Энэмэтчилэн аваад үзэхэд ч М.Ходорковскийн тухайд В.Путинд таалагдахгүй зүйл цөөнгүй байсан байх магадлалтай. Ил харагдаж байгаачлан бол М.Ходорковский В.Путины  бодлогыг эсэргүүцэгч, сөрөг хүчний Б.Немцовыг санхүүжүүлсэн нь түүнийг бүх зүйлээ, бүр эрх чөлөөт амьдралаа алдах зам руу хөтлөсөн бас нэг шалтгаан. Нэгэн цагт В.Путинтай найз нөхөр шиг энгийн  найрсаг харилцаатай байж,  Ерөнхийлөгчийн захиргааг сая, сая доллараар угжиж явсан гэгдэх  М.Ходорковский чухам яагаад өнөөдрийн зовлонг эдлэх болов оо...  Есөн жилийн өмнө В.Путин түүнтэй хувьчлан уулзаад сөрөг хүчнийг дэмжихгүй байхыг хичээнгүйлэн хүссэн гэдэг. Харин дээр хэлсэнчлэн улстөрөөс хол байх хүсэлгүй  М.Ходорковский түүний үгнээс зөрсөн. Зөрөөд зогсохгүй эрхэм Ерөнхийлөгчийнхөө Оросын хамгийн баян бизнесмэнүүдтэй хийдэг ээлжилт уулзалт дээр Кремльд бугшсан авлигын асуудлыг ил тод гаргаж тавьсан. Бүр өөрийнх нь болон бусдынх нь оролцоотойгоор тогтолцоо болон даамжирч, нийгмийг идэж  байгаа авлигыг нухчин дарах цаг ирчихээд байгаа тухай тод ярьсан нь, түүнийг хожмын бөгөөд өнөөдрийн ялтан болж “хараагдах” замыг шулуутгасан билээ.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top