Гүржийн улс төрийн хоригдлууд суллагдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

Гүржид өршөөлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Шоронгоос эхний ээлжийн 190 хоригдол суллагджээ. Тэд бүгд “улс төрийн” гэсэн заалтаар яллагдсан хүмүүс бөгөөд тэдний дотор тагнуулын хэрэгт буруутгагдсан оросын иргэд ч байгаа аж.

Улс төрийн хоригдлуудыг сулласан энэхүү үйл явдлыг гүржүүд хуучны заншлаар тэмдэглэж байгаа ба энэ нь зөвхөн суллагдсан хүмүүст зориулагдсан үйлдэл төдийгүй тус оронд шинэ эрин эхэлж байгааг бэлэгдсэн баяр болж байгаа аж. Өршөөлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон нь Саакашвилийн дэглэмийн сүйрлийг илтгэж байна хэмээн шинжээчид дүгнэж байна.

Өглөөний яг арван цагт Гүржийн хэд хэдэн шоронгийн хаалга зэрэг нээгдэн, 190 улс төрийн хоригдол “наранд” гарч иржээ.

“Энэ хууль манай орны хувьд маш чухал зүйл юм. Үүнийг хэрэгжүүлж эхэлснээр, манай улс Саакашвилийн дэглэмээс болж, улс төрийн хоригдлууд бий болгож байсан шившигтэй байдлаасаа хагацаж чадлаа. Бид тэднийг эхний ээлжинд суллахаар зорьж байна. Мөн улс төрийн хоригдлуудын хэргийн нууцын зэрэглэлийг байхгүй болгохыг шаардаж байна” хэмээн Гүржийн парламентын хүний эрхийн хорооны дарга Эка Беселия өгүүлсэн байна.

Шинэ хууль 2012 оны аравдугаар сарын 2-ноос өмнө гэмт хэрэг үйлдсэн гүржийн бүх хоригдлуудад ямар нэг хэмжээгээр тусах юм байна. Гүйцэд чөлөөлөх болон ял эдлэх хугацааг хорогдуулах маягаар өршөөлийн олон төрлийг харгалзан үзэх ба ингэснээр ойрын хоёр сарын хугацаанд гурван мянга орчим хоригдлууд торноос суллагдах аж.

Д.Мигаа   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top