Саяхан болж өнгөрсөн үйл явдлуудыг эрүүл ухаанаар тунгаагаад үзвэл Жерар Депардьегийн оросын иргэн болсон түүх татварын асуудалтай тэгтлээ сүрхий холбоотой биш нь харагдана. Энэ үйл явдал эхнээсээ авахуулаад дуустлаа цэвэр улс төрийн бодлого гэлтэй.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин францын жүжигчин Жерар Депардьегийн хүсэлтийг тэр дор нь болгоон, түүнд оросын иргэншил олгох талаар зарлигт гарын үсэг зурсан билээ. Үүнтэй холбогдуулан, интернетээр оросууд шуугин санал бодлоо илэрхийлцгээж байна. Зарим нь өөр импортын одууд гарч ирэх нь үү хэмээн чих тавьж байгаа бол нэг хэсэг нь Депардье ямар ангилалаар татвараа төлөх бол гэж сонирхож байна.
Хэрэв тэр Орост өөрийн биеэр 183 хоног байх юм бол орлогын 13% буюу Европынхны хөх инээд хүрмээр өчүүхэн татварыг улсад тушаана, харин Орост амьдрахыг хүсэхгүй бол татвар нь 30% болж дээшилнэ, гэхдээ л францыг бодвол хамаагүй бага.
Жилийн орлого нь нэг сая еврогоос илүү баячуудын татварыг 75% болгох яриаг анх ерөнхий сайдад нэр дэвшиж байхдаа Жан-Марк Эро гаргаж байсан нь жирийн олонхид таалагдан, сонгуулийн санал авах хэрэгсэл болгон ашиглаж байжээ. Энэ 75%-ийн сурагаар баян францчууд хилийн чанадыг зорьж, Депардьег Бельгийн нэг хотод очиход худалч хүнд бараг оршин суугчдынх нь гуравны нэг нь нутаг нэгтнүүд нь байсан гэх. Ингээд мань эр Оросыг сонгосон байж болох. Нөгөө талаар, ерөнхий сайд Эро түүнийг “татвараас зугатдаг хулчгар” хэмээн нэрлэн, хоорондоо нэлээн муудалцсан нь Депардьег эх орноосоо гарахад нөлөөлсөн байж болох талтай.
Мөн түүнд асар богино хугацаанд иргэншлийг нь шийдэж өгөн, Путин өөрөө иргэний үнэмлэх гардуулсан нь оросын зарим иргэдийн эгдүүцэл, дургүйг хүргэж байна.
90-ээд оны үед нийгмийн бужигнаанаас шалтгаалан хилийн чанадыг зорьсон зарим орос иргэд буцаж эх орондоо ирэх хүсэлт тавихад өчнөөн зүйл шаардан, заримынх нь бараг нас гүйцэхгүйд хүрч байхад, францын нэг муу үеэ өнгөрөөсөн архичин гард 3-4 хоногийн дотор оросын иргэншил өгчихсөн нь “Ивануудын” дургүйг их хүргэсэн бололтой. Танхай, бүдүүлэгдүү, архи уух дуртай, сайхан хүүхэнд “нугасгүй” гээд энэ од эрд оросуудтай төстэй зүйл их бий. Тэрээр мотоцикл согтуу жолоодож яваад баригдсан асуудлаараа Парисын шүүхэд дуудагдаад байгаа боловч очихгүй гүрийгээд байгаа билээ.
Депардье орос хэл сурах хүсэл эрмэлзлэл дүүрэн байгаагаа баяртайгаар илэрхийлсэн ба оросын удирдлагууд таалагддаг, хамгийн хөгжингүй ардчилалтай орон хэмээн “хошгируулж”, өвөө нь коммунист байсан хэмээн “уяраасан” аж.
Эдийн засгийн сонирхлоо дагасан гэж үзвэл мань эр Оросын биш, харин усан үзмийн тариалан нь Крымд байдаг тул Украины иргэн болохоор. Тэгэхээр энд эдийн засгаас гадна улс төрийн сонирхол яваад байгаа бололтой.
Оросуудын хувьд “Эх орондоо татвар төлөхийг хүсдэггүй хүн Орост ямар хэрэгтэй гэж?” гэсэн асуулт үүсч байна. Ер нь татвар төлөлтөөр эх оронч үзэл илэрнэ гэсэн ч буруудахааргүй.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )