5 сарын өмнө Улаан нүдэн гариг дээр буусан, Ангараг гариг дээр явагч Curiosity шинэ даалгавар хүлээн авчээ. Тэрээр Ангараг дээр ус байгаа эсэхийг батлах эрэлд гарах аж.
Үүний тулд Гейлийн цооногт өрөмдлөг хийн, химийн анализ хийхийн тулд хөрснөөс сорьц авах юм байна. Уг ажиллагааг ойрын хэд хоногт явуулахаар төлөвлөж байгаа аж.
2011 онд нас барсан, лабораторийн мэргэжилтэн Жон Клейний дурсгалд зориулан нэрлэсэн бүс газарт өрөмдлөг хийн дээж авах ба өмнө нь хэзээ ч ийм зүйл Ангараг дээр хийгдэж байгаагүй гэж хөтөлбөрийн удирдагч Ричард Кук өгүүлжээ.
“Хамгийн түвэгтэй нь, төхөөрөмжийн механизм, ангарагийн хөрстэй хэрхэн харьцахыг бид хянаж чадахгүй. Өрөмдлөг төлөвлөсний дагуу явагдахгүй бол нэг их гайхаад байх зүйл биш юм” хэмээн эрдэмтэн ярьсан байна.
Уг бүс газар Curiosity-ээс баруун тийш 500 метр зайд байрлаж байгаа ба түүнийг сонгож авсан нь тохиолдлын зүйл биш аж. Улаан нүдэн гаригийн гадаргуугийн бусад районтой харьцуулахад энэ хэсэг газар шөнө аажмаар хөрдөг юм байна. Тиймээс энд л судалгаа явуулахаар шийджээ.
Curiosity Ангараг дээр 2012 оны наймдугаар сарын 6-нд буусан ба 687 хоног ажиллах аж. Ангараг дээр явагч энэхүү төхөөрөмж уртаараа 2,8 м, 900 кг жинтэй бөгөөд NASA-ын төхөөрөмжүүдээс хоёр дахин урт, тав дахин хүнд юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )