Юлия Тимошенко “моодноос” гарч эхлэв үү

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

2005 оны хоёроос есдүгээр сар хүртэл, 2007 оны арванхоёрдугаар сараас 2010 оны гуравдугаар сар хүртэл Украины ерөнхий сайдаар ажиллаж байсан, алтан шаргал үст эрхэмсэг хатагтай Юлия Тимошенко 2011 оны аравдугаар сарын 11-нд шүүхээс 7 жилийн хорих ял авсан билээ. Түүнийг 2009 онд Оростой хийн чиглэлээр гэрээ хэлцэл байгуулахдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, улсад их хэмжээний хор хохирол учруулсан хэмээн буруутгасан байна. Шүүхийн энэхүү шийдвэр тухайн үедээ олон улсын тавцан дээр асар их шуугиан тарьж, Европын холбооны орнууд болон АНУ, Оросын удирдлагууд, олон улсын хүний эрхийн байгууллагууд энэхүү процессийг улс төрийн зорилгоор хийгдсэн хэмээн үзэж байв.

2011 оны арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн тэрээр Харьков хот дахь 54-р хорих ангид ял эдэлж байгаа ба 2012 оны тавдугаар сард Украины Ерөнхий прокурорын зүгээс Тимошенког эрүүгийн дөрвөн зүйл ангиар нэмж буруутгасан бөгөөд түүн дотор 1996 онд амь үрэгдсэн Украины бизнесмен, улс төрч Евгений Щербанийн аллагыг зохион байгуулсан гэх зүйл орсон байна.

Ингээд Юлия Тимошенко гэж хэн бэ гэдгийг танилцуулах зорилгоор түүний ажил, амьдралын замналаас тоймлон хүргэхийг хүсэв.

Юлия Владимировна Тимошенко 1960 оны арваннэгдүгээр сарын 27-нд Днепропетровскт төржээ. Түүний нөхөр нь бизнесмен Александр Тимошенко, охин-Евгения Тимошенко.  Юлия 1984 онд Днепропетровскийн улсын их сургуулийг эдийн засагч-кибернетикч мэргэжлээр улаан дипломтой төгссөн байна.

Сургуулиа төгссөний дараа Днепропетровскийн Лениний нэрэмжит машин үйлдвэрлэлийн заводод инженер-эдийн засагчаар ажиллаж байгаад дараа нь 1999 онд “Терминал” гэдэг залуусын төвд арилжаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан аж. 1991 онд нөхөр Александр Тимошенкотой хамтран “Украинский бензин” корпорацийг байгуулан тэндээ ерөнхий захирлаар ажиллаж байжээ. Хожим нь 1995 онд энэхүү корпораци дээр суурилан “Украины  нэгдсэн энергийн сүлжээг” байгуулсан байна. Тухайн үед ерөнхий сайд байсан Павел Лазаренкогийн дэмжлэгтэйгээр уг байгууллага Украинд оросын хийн худалдааны монополь тогтоосон аж. Тэр үед түүнийг “Хийн хатан хаан” хэмээн нэрлэдэг байсан ба тухайн үеэс түүний улс төрийн үйл ажиллагаа эхэлжээ.

1997 онд анх удаа депутатаар сонгогдон, “Громада” намын орлогч дарга болсон байна. 1999 онд “Батькивщина” хэмээх Бүх Украины нэгдлийг тэргүүлэн, ерөнхий сайд Виктор Ющенкогийн эдийн засгийн асуудал хариуцсан дэд сайдаар томилогджээ.  2000 он түүний хувьд таагүй явдлаар дүүрэн байв. Улсын өмчийг шамшигдуулсан хэргээр УНЭС-ийн захирлуудын нэг, түүний нөхөр баривчлагдан, Тимошенко өөрөө ажлаас чөлөөлөгдөн, дараа нь мөн адил буруутгалаар тусгаарлан шалгах өрөөнд сар гаруй хоригдон, хорлогдохоос болгоомжлон, бараг юм идэхгүй байсаар 42 кг болтлоо тураад тэндээс суллагдаж байжээ.

Чөлөөлөгдсний дараа Тимошенко ерөнхийлөгч Леонид Кучмагийн дэглэмийн эсрэг чиглэсэн улс төрийн идэвхтэй үйл ажиллагааг өрнүүлэн, Александр Мороз, Петр Симоненко нарын хамт “Бостугай, Украин!” хөдөлгөөнийг манлайлан, мөн хэд хэдэн сөрөг хүчний намаас бүрдсэн Үндэсний авралын форумыг тэргүүлж байсан нь хожим Юлия Тимошенкогийн Блок \БЮТ\ болон хувирчээ.

2002 оны гуравдугаар сарын 31-нд БЮТ парламентын сонгуульд 7,26% санал аван, Тимошенко анх удаа парламентад өөрийн улс төрийн хүчний удирдагчаар нэвтэрчээ. Мөн энэ онд Киевийн Апелляцийн шүүх экс шадар сайд ба түүний нөхөрт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Гэвч 2004 онд Орост Тимошенкогийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн, түүнийг олон улсын эрэн сурвалжлах албанаас зарласан аж. Мөн онд БЮТ, “Наша Украина” хоёр нийлж Виктор Ющенког крөнхийлөгчийн сонгуульд дэмжихээр “Сила народа” хэмээх эвслийг байгуулсан байна. 11-12 сард Тимошенко “улбар шар хувьсгалд” идэвхтэй оролцон, Ющенкогийн кампанит ажлын удирдагчдын нэг болж чадсан аж. Ингээд Ющенког ялсны дараа,2005 оны хоёрдугаар сард Тимошенко ерөнхий сайдаар томилогдон, анхны “улбар шар” засгийн газрыг тэргүүлж эхэлжээ. Гэвч хэдэн сарын дараа Ющенкогийн тойрон хүрээлэгчдийн харьцаа хурцдан, Тимошенко албан тушаалаасаа чөлөөлөгдөхөд хүрсэн байна.

2006 оны гуравдугаар сард парламентын сонгуульд БЮТ 129 мандат аван, Бүс нутгийн намын дараа хоёрт орсон аж. Гэвч БЮТ, “Наша Украина”, Соцнам нар эвсэл байгуулах талаар тохиролцож чадаагүй тул эвслийг Бүс нутгийн нам тэргүүлэн, харин Тимошенко Виктор Януковичийн засгийн газар болон парламентын олонхид чанга сөрөг хүчин болохоор шийджээ.

2007 оны есдүгээр сард, хугацаанаас өмнөх сонгуульд БЮТ 156 мандат аван, НУ-НС-тэй хамтран эвсэл байгуулж Тимошенко Украины засгийн газрыг тэргүүлэхээр болов.

WikiLeaks-т өгүүлснээр, 2005-2010 онд Тимошенко-БЮТ нэг бус удаа РосУкрЭнерго дамжуулагч-компанийн эсрэг хандаж байсан ба харин Ющенко түүнийг уйгагүй хамгаалж байжээ \учир нь, компанийн Украины хэсэг Ющенкогийн найз Фирташ болон “Бүс нутгийн намын” Ю.Бойко, С.Левочкин нарт хамаарч байв\.  РосУкрЭнерго Украинд оросын байгалийн хийг худалдаалах гол дамжуулагч байсан ба энд олон тэрбум долларын эрх ашиг хөндөгдөж байлаа.

2008 оны хоёрдугаар сард Орос, Украины хооронд ээлжит “хийн хямрал” явагджээ. РосУкрЭнерго, Укргазэнерго зэрэг төрийн өмчийн бус аж ахуйн нэгжүүд 2007 оны намар Газпромоос их хэмжээний \4 тэрбум.куб\ байгалийн хий аваад төлбөр тооцоогоо барагдуулаагүй аж. 2009 оны нэгдүгээр сард Тимошенкогийн засгийн газар Москвад Оросын засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суун, “хийн хямралаа” тодорхой түвшинд зохицуулсан байна.

2010 онд явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд Тимошенко Виктор Януковичтэй өрсөлдөн, ердөө гуравхан хувиар дутан ялагдсан ба дараа нь уг сонгууль луйврын булхай хийсэн хэмээн Украины Дээд шүүхэд нэхэмжлэл гарган заргалдсан нь тэдний хоорондын зөрчлийг улам дэвэргэж, 2010 оны гуравдугаар сард эвслээс “Блок Литвина” гарснаар парламентад олонхи байхаа больж, Тимошенкогийн засгийн газар огцроход хүрчээ. Дараа нь байгуулагдсан эсрэг талын эвсэл Н.Азаровын засгийн газрыг бүрдүүлсэн байна.

2010 оныдөрөвдүгээр сарын 28-нд Украины ерөнхий сайд Н.Я.Азаров Тимошенкогийн засгийн газрын үйл ажиллагаа улсад 100 тэрбум гривенийн хохирол учруулсан тул Тимошенко болон бусад албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн мэдэгдсэнээр Юлия Тимошенкогийн өнөөгийн нөхцөл байдлын эхлэл болж өгчээ.

Ингээд 2011 оны наймдугаар сарын 5-нд Тимошенко баривчлагдсанаас хойш маш олон янзын сенсациуд үүсэж байсныг та бид сайн санаж байгаа.  Өвчлөл, ухаан алдалт, өлсгөлөн зарлалт, шоронгийн ажилтнууд бүдүүлэг хандан биеийг нь хөхрүүлсэн шуугиан, түүний хэргийн улмаас Европын зүгээс Украиныг янз бүрийн байдлаар бойкотлож байсан гээд тоочоод байвал барагдахгүй.

Харин сүүлийн үед Европ Тимошенкогоос залхаж эхэлсэн бололтой, яг л манайхан Н.Энхбаяраас уйдаж эхлээд байгаа шиг. Одоо ямар ч өвчлөл, өлсгөлөн зарлалт хүмүүсийн хувьд тэгтлээ донслуулаад байхаар сонин биш болж. Манайхны хувьд, Н.Энхбаярыг байс гээд л бие нь маш муудлаа, удалгүй талийгаач болж магадгүй нь хэмээн хүмүүсийг байн байн айлгасаар, сүүлдээ бүр цочролгүй болгон, зарим нь “ядаргаатайн, яасан ч муудаж ханадаггүй юм, компьютер тоглоомын амьтай юм шиг” хэмээн ундууцаж эхлээд байгаа. Энэ байдлаас харвал, одоогоор Юлия Тимошенко, Намбарын Энхбаяр хоёрын байдал ихээхэн төстэй болоод байх шиг.   

Гэвч Тимошенког хэзээ ч “тэнэг хүүхэн” гэж хэлэхгүй хэмээн түүний эсрэг талынхан хүртэл ярьж байгаа нь тэрээр хэрэндээ ухаантай, чамбай бүсгүй болохыг илтгэж байна.

Д.Мягмарсүрэн   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top