Дайн тулааны улмаас сүйрсэн Сирийн эдийн засгийг сэргээн босгохын тулд олон улсын тусламжийн төлөвлөгөө шаардагдаж байна хэмээн НҮБ-ын эдийн засаг, нийгмийн комиссын Баруун Азийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Абдалла Дардари тооцож байна. Энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэх талаар тэрээр НҮБ-д хандаад байгаа аж.
"Сири улс дангаараа улс ардын аж ахуйгаа сэргээн босгож, улам ихээр нүүрлээд буй хүмүүнлэгийн хямралаа зохицуулах боломжгүй. Иймд тус улсад зайлшгүй олон улсын хамтын ажиллагаа хэрэгтэй байна" гэж тус улсын экс дэд сайд, арабын шилдэг эдийн засагчдын нэг өгүүлжээ.
Дардари Бейрут хотноо хэвлэлийн бага хурал дээр илтгэл тавихдаа Сирийн ДНБ сүүлийн хоёр жилд 35% уналаа хэмээн мэдэгдсэн байна. Нефть борлуулалтаас 25% орлого үгүй болсоноор Сири улс 4 тэрбум доллар алджээ. Мөн Персийн булангийн баян орнуудаас Сирийн эдийн засагт оруулж байсан хөрөнгө оруулалт зогсон, гадаадын жуулчдын тоо 76%-иар буурчээ. Тус оронд инфляци 39,5%-д хүрч, ажилгүйдэл улам ихэссэн байна.
Сирийн зэвсэгт мөргөлдөөний үр дагаврыг Дардари Дэлхийн хоёрдугаар дайны дараах Европын сүйрэлтэй адилтгасан аж. Түүний үгээр, тус орон "сүйрлийн ирмэг" дээр ирээд байна. Сирийн энэхүү хямрал хөрш зэргэлдээ Ливан, Иорданд мэдрэгдэж эхэлжээ.
Сирийн нийслэл Аллепо хамгийн их гарз хохирол амсан, 40 мянган байшин нурж, 180 мянга гаруй барилга эвдэрч гэмтсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )