Сүүлийн жилүүдэд Америк, Афганистан, Их Британи, Норвеги, Австрали, Итали, Канад, Герман, Швед, Орос гэхчлэн дэлхийн хаа сайгүй “Хазарачуудыг хөнөөхөө зогсоо”, “Хазарачуудыг геноцит буюу олноор хомроголон устгахаа зогсоо” гэсэн уриа лоозон барьсан жагсагчид тэмцэх болсон ч, террорист этгээдүүд халдлага хийсээр байна. Афганистан болон Пакистаны Кветта дахь Хазарачууд хэдэн зуугаараа аллагын золиос болсоор байгаагийн хамгийн сүүлийн гашуун жишээ нь энэ сарын 10-ны өдөр “Лашкар-Э-Жангви", "Белужистаны үндэсний арми" гэх террорист бүлэглэлүүдийн үйлдсэн халдлагууд юм. Кветта хотын ойролцоо үйлдэгдсэн удаа дараагийн террорист халдлагын улмаас 124 хүн амиа алдаж, 400 гаруй хүн шархадсан юм. Халдлага үйлдсэн гэдгээ мэдэгдээд буй бүлэглэлүүд нь хазарачуудын монгол төрхийг жигших үзлээс болж тийм зүйлийг хийсэн гэх. Ийм маягаар сүүлийн арван жилийн хугацаанд 1100 гаруй хазар хүний амийг хөнөөсөн гэх мэдээллийг Монголд сурдаг Хазара оюутан Аббас өгч байгаа юм. Тэгэхээр биднээс олон мянган километрийн алсад суугаа Хазарачууд Монгол төрхтэйгөөсөө болон адлагдан зүдэрч байгаа юм бол бидний зүгээс огтоос анхаарахгүй орхиж бас боломгүй билээ. Ядаж л бид яахаараа Хазарачуудтай язгуур нэг болж таарах вэ гэдэгтээ ултай хандах ёстой юм.
Афганистаны Хазарачуудын тухайд аваад үзэхэд XIX зууны үед тус улсын хүн амын 50 хувийг бүрдүүлж, тэр хэрээрээ хүчтэй байсан тэднийг англичууд Афганийн гар хөлөөр дамжуулан аймаглан устгасан тухай түүхэнд үлдсэн байдаг. 2-3 саяар нь хөнөөсөн учир Афганистан дахь Хазарачуудын сүр хүч дарагдсан гэгддэг. Гэтэл өнөөдөр ч Хазарачуудын эсрэг аллага зогсоогүй байгааг бид харж байна.
Уг нь “Афганистан болон Пакистаны хазара гэгдэх үндэстэн монгол гаралтай эсэх нь түүх, угсаатны зүйн шинжлэх ухааны шалгуураар нотлогдоогүй.. Харин ч XIII зуунд монголчуудад эзлэгдэн дарлагдаж байсны ул мөр тэдний дунд гүнзгий үлдсэн” гэх үзэл байдаг. Гэхдээ Хазара хүмүүстэй тулж уулзаад ярилцахад бас өөр юм билээ. Тэрчлэн хазарачуудын эрх ашгийн төлөө Монголчууд дэмжлэг үзүүлэх ёстой хэмээн үздэг “Дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэг”, “Монгол Хазарын найрамдлын нийгэмлэг”-ийн эрхмүүд хэлэхдээ “ Монгол цус, ухамсар, төрх ихтэй, монгол нэртэй овог аймагт хамаарах, монголжуу ястан буюу монгол хазаруудыг монгол туургатанд хамруулж, Төв Азийн өмнийн монголоид угшил ихтэйг ах дүү, холбоотон ард түмэн гэж үзэж болох юм. Энэ сард болсон аллага хядлагыг олон улс орон жигшин буруушааж байна. Монголчууд бид ч монгол цустай, зүстэй гэж хядуулж байгаа ах дүү ард түмний гашуун зовлонг зүгээр хараад, гар хумхин сууж болохгүй” хэмээн ярьж байгаа юм.
Тэрчлэн хэрэв Хазарачууд Афгануудтай язгуур нэг юм бол Афганууд яахаараа өөрийн үндэс язгуур нэгтнүүдээ хомроголон устгаж ирсэн юм бол гэдэг асуулт ч тавигдах л ёстой. Магадгүй Монголчууд бидний нэгээхэн салаа мөчрийг тэд сүйтгээд байгаа юм уу гэсэн анхаарал татсан асуулт ч гарч ирж л байгаа юм. Ямартай ч, Хазарачууд өнөөдрийг хүртэлх хугацаанд тайван амьдралыг үзээгүй. Аллага, хядлагын золиос болсоор байна. Өөрсдийгөө Монголчууд бидний нэгээхэн хэсэг гэж үздэг Хазарачуудын төлөөлөл болох 20 оюутан өдгөө Монголд сурч байгаа бол Афганистаны хүн амын 20 хувь буюу 6 сая нь хазарачууд гэж байх юм. Мөн Иранд нэг сая, Пакистанд 500 мянга орчим, мөн Америк болон Европын орнуудад олон арван хазара хүн тарж бутран амьдарч байгаа гэх мэдээлэл бий.
Ямартай ч, тэдний нэг болох АНУ-ын Техас мужид амьдардаг Казим Резай хэмээх хазара эрхэмтэй уулзаж, цөөн хором хөөрөлдөж байсан юм. Түүнийг Монголд суралцдаг цөөн хэдэн Хазара оюутнуудаа эргэж ирээд байх үед нь тааралдаж байсан юм. Тэр бол Монгол царайтай, Монгол-Турк-Перс холилдсон хэлээр ярьдаг, мал аж ахуй, газар тариалан эрхэлж амьдардаг, өөрсдийгөө эзэн Чингисийн удам гэж бахархдаг Хазарачуудын нэг гэдгийг зориуд тодотгоё.
Казим Резай: Хазарачууд 700 жил цөөнхийн амьдралаар амьдарч ирсэн
- 700 жилийн өмнө монголоос гарсан гэгддэг хазарачууд хэрхэн амьдарч буй талаар асуумаар байгаа ч, монгол нутагт анх удаа ирж буй Таны сэтгэгдлийг эхлээд сонсох нь зөв гэж бодлоо?
- Тиймээ. Хазарачууд бид монголоосоо гараад 700 жил болж байна. Бид монгол цустай ард түмэн. Тиймээс би өвөг дээдсийнхээ нутагт ирж үзье. Монголчуудаа, монгол газар нутгаа харъя гэж ирсэн юм. Ирээд монголчуудтайгаа уулзахад үнэхээр сайхан байна. Үнэндээ монголд ирж үзэх нь миний энэ насны мөрөөдөл байсан юм.
Хазара гэдэг үгийг монголоор орчуулбал Мянга, Мянгат гэсэн утгатай. Нэгэн Мянгатын үр сад болсон хүмүүс бид өдгөө Афганистаны Хазарагийн нутагт амьдарч байна. Миний хувьд оюутнуудаа эргэхийн зэрэгцээ монгол ахан дүүстэйгээ танилцах, монгол орны өнөө цагийн хөгжил ямар байна. Монголчууд хэрхэн амьдарч байна вэ гэдгийг мэдэх, улмаар Хазарагийн ард түмэндээ сайн мэдээ дуулгах зорилготой ирсэн юм.
- Та бүхэн бидний амьдралыг мэдэхийг хүсч байгаа шиг, бид ч бас Та бүхнийг хэрхэн амьдарч ирснийг мэдмээр байна л даа?
- Дэлхийн талыг эзэлсэн хүчирхэг өвөг дээдсийн үр удам болох мянган хүн тэр нутагт үлдсэн. Хазарачууд бид сүүлийн 700 жил Афганистаны ард түмний дунд цөөнхийн амьдралаар амьдарч ирсэн. 40-хөн жилийн өмнө Хазара хүн сургуульд сурч, боловсрол эзэмших эрхгүй байлаа. Хазара түмэн Афганистаны төв нутагт, уулын дунд хавчигдсан байдалтай, маш их хүйтэрдэг, эсвэл их халдаг, байгалийн эрс тэс уур амьсгалтай нутагт амьдардаг.
Гэхдээ бурханы авралаар Хазарагийн ард түмний дунд зоригтой, боловсролтой, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс маш олон байна. Хазарагийн ард түмний төлөөлөл болсон элит, эрдэм боловсролтой хүмүүс дэлхий даяар тарсан гэж болно. Америк, Европ, Австри, Австрали, Герман гэхчлэн олон оронд бий. Тэр хүмүүс маань Хазарагийн ард түмэндээ чадах хэрээрээ дэм тус болж байна. Тухайлбал, одоо монголд сурч байгаа, Хазарагийн анхны элч төлөөлөгчид болсон оюутнууд маань ч монгол хэл сураад, монголчуудын түүх, соёл урлагийг судлаад Хазара Монголчууддаа сайн мэдээ хүргэх байх. Мөн Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмэн Хазарагийн ард түмнийг хүлээж авах байх. Монгол нутагт ажиллах, бизнес эрхлэх, түр оршин сууж амьдрах боломж бид нарт олдох байх гэж найдаж байна.
- Дэлхий даяар тархан амьдарч буй 6-7 сая Хазара монголчууд бий гэсэн тоо байна. Үнэхээр бодитой тоо мөн болов уу?
- Дэлхий дээр Хазара гаралтай 8 сая монголчууд байна гэж үздэг. Хүйтэн дайны үед, дотоодын тэмцлээс үүдсэн Иргэний дайны үеэр 1 сая Хазара Монгол хүн Пакистан руу дүрвэсэн. Мөн Кувейт, болон эргэн тойрны орнуудад цагаачилж гарсан, дэлхийн олон оронд боловсрол эзэмшихээр явсан Хазарачууд байна. Ерөнхийдөө Афганистаны хүн амын 20 хувь буюу 8 сая Хазара Монгол байдаг гэсэн тоо бий.
- Таныг нутгаасаа гарсан Хазарачуудын нэг гэж сая сонссон юм. Одоо хаана амьдарч байна вэ?
- Би архитекторч мэргэжилтэй. АНУ-ын Техас мужид ажиллаж, амьдардаг. Олон улсын импорт, экспортын худалдаа эрхэлдэг. Бизнес эрхлэхийн хажуугаар Хазарагийн ард түмэндээ туслахыг хүсдэг. Афганистан дахь төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, олон нийтийн ажил хийж монголд суралцаж байгаа оюутнуудаа дэмждэг юм. Оюутнуудаа монголд анх ирэхэд нь дэмжиж байсан. Одоо ч дэмжиж, урам зориг өгөөд явж байна.
- Тэгэхээр тань шиг оюутнуудаа эргэж тойрдог, дэмждэг хүмүүс өөр бий юү?
-Над шиг олон хүн байгаа байх. Сэтгэл зүрхнийхээ угаас хэлэхэд миний хувьд маш их баяртай байна Би буцаж очоод найз нартаа хэлнэ. Монгол ахан дүүс маань намайг монголд буусан өдрөөс эхлээд халуун дулаанаар хүлээж авч байна. Бид Хазарагийн ард түмэндээ монголчуудын тухай аль болох сайн сайхан, их мэдээлэл хүргэх зорилготой байгаа юм.
Анх монголд гурван Хазара Монгол оюутан ирж МУИС –д орсон. Дараа нь MIU сургуулиар дамжин 12 оуютан ирж, одоо 15-уулаа болоод байна. Тэгэхээр эдгээр оюутнуудыг дагаад, мөн миний өгөх мэдээллийг дагаад бүгдээрээ Монголд ирж үзэхийг хүсэх байх. Тиймээс цаашдаа монголчуудтайгаа хамтарч ажиллах, залуучуудаа сургах, хоёр ард түмнийг хооронд нь шашин, урлаг, хэлээр нь ойртуулахын төлөө бид зүтгэнэ гэж хэлэх байна.”
Бид цөөн хоромд ийн ярилцсан юм. Түүнийг Монголд дахин ирээрэй гэхэд тэр “Заавал ирнээ” гэж байсан юм. Тэр буцаж очоод найз нартаа монголчуудын тухай сайн сайхан мэдээлэл хүргээ биз ээ.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )