Сөүлийн “төмөр” хатагтай

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 19

“Зөвхөн өөрсдийнхөө тухай бодож, санаа тавьдаг аминчхан үзэл чинь одоо хангалттай. Жаахан ч гэсэн ард түмнийхээ төлөө бодооч! Та нар наад бодлого, төлөвлөгөөгөө өөрсдийн хүүхдүүд, эцэг эхчүүдийнхээ төлөө боловсруулж байна гээд төсөөлөөд үз дээ. Энэ бүхний дараа юу ч өөрчлөгдөхгүй байна гэж үү?!” хэмээн сайдуудынхаа толгой дээр “аянга цахилгаан” буулгасан хүн бол Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Пак Кын Хе.

Тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд маш ширүүн өрсөлдөөн дунд ялалт байгуулан, Солонгосын түүхэнд анх удаа эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Энэтхэгийн Индира Ганди, Пакистаны Беназир Бхутто нар шиг удам залган, улс төрч болсон энэ эмэгтэй бол 1961-1979 онуудад тус орны төрийн тэргүүнээр ажиллаж байсан, генерал Пак Чон Хигийн охин юм.

Пак Кын Хе 1952 оны хоёрдугаар сарын 2-нд Тэгү хотноо Пак Чон Хи, Юк Ён Су нарын гэр бүлд ууган охин нь болон мэндэлжээ. Түүний дараа тэдний гэр бүлд хүү Пак Жи Ман, охин Пак Се Ён нар төрсөн байна.

Пак Кын Хе 1970 онд Сөүлийн дунд сургуулийг төгсөөд, Сөүлийн Соган их сургуульд орж, 1974 онд электротехникийн чиглэлээр бакалавр болсон аж. Хожим нь 1987 онд Тайванийн их сургуульд Honoris causa цол хүртэн, 2008 онд Солонгосын тэргүүлэх KAIST шинжлэх ухаан-техникийн дээд сургууль, 2010 онд мөн Соганы их сургуульд суралцаж төгсчээ.

1974 оны наймдугаар сарын 15-нд Пак Чон Хигийн аминд халдах үеэр ерөнхийлөгч бус харин тэргүүн хатагтай өртөн амь насаа алдсан байна. Бэлэвсэрсэн Пак Чон Хи цаашид ахин гэрлээгүй тул улс орны тэргүүн хатагтайн үүрэг түүний том охин, 22 настай Пак Кын Хед албан бусаар шилжжээ. Энэ явдал 1979 оны аравдугаар сарын 26-нд эцэг Пак Чон Хиг Солонгосын ТТГ-ын дарга Ким Жэ Гю буудан амь насыг хөнөөх хүртэл үргэлжилсэн аж.

1981 онд Пак Кын Хе Христийн шашныг судалдаг коллежид бүтэн улирал суусны дараа өөрийгөө улс төрийн үйл ажиллагаанд бүрэн зориулахаар шийджээ. Тэрээр хэзээ ч хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлж байгаагүй аж.

1998 оны парламентын сонгуульд Агуу орны Нам /2011 онд нэрээ өөрчлөн “Сэнури” болсон/ -аас Тэгүгийн нэгэн тойрогт нэр дэвшин депутатаар сонгогджээ. Түүнээс хойш, 2008 он хүртэл, Пак Кын Хе гурван удаа энэ тойргоос парламентад сонгогдсон аж. Хамгийн сүүлд 2008 онд сонгогдсон ба түүний депутатын бүрэн эрхийн хугацаа 2012 оны дөрөвдүгээр сард дуусгавар болон, тэрээр ахин парламентад нэр дэвшихгүй гэдгээ зарласан байна.

Пак Кын Хе 2004-2006 онд Агуу орны Намыг тэргүүлж байсан ба энэ үед тус нам янз бүрийн түвшний 40 гаруй сонгуульд ялалт байгуулан, шинжээчид үүнийг Пак Кын Хегийн гавьяа зүтгэлтэй холбон үзэж, “Сонгуулийн хатан хаан” хэмээх албан ёсны бус алдар цол хайрлаж байжээ.

2007 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөсөн боловч нам дотроо экс ерөнхийлөгч Ли Мён Бакд ялагдсан аж.  

2012 оны парламентын сонгуульд Пак Кын Хе “Сэнури” намыг удирдан оролцож үнэмлэхүй ялалт байгуулсан нь түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд гол түлхэц болж өгсөн байна.

2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч “Сэнури” намаас нэр дэвшигч, 60 настай Пак Кын Хе нийт сонгогчдын 51,6% санал авч, өөрийн өрсөлдөгч Мун Чже Инийг 4%-иар илүүрхэн ялалт байгуулсан билээ.

“Надад санаа тавих ёстой гэр бүл гэж байхгүй. Миний өмч хөрөнгийг өв залгамжлан үлдэх үр хүүхэд ч үгүй. Та нар бол миний цорын ганц гэр бүл. Миний улс төрд шимтэн зүтгэж байгаа чин хүсэл маань ард олон та нарыгаа аз жаргалтай амьдруулах явдал” хэмээн сонгогчиддоо хандан хэлсэн нь сонгуулийн уур амьсгалд маш сайнаар нөлөөлсөн аж. Эдгээр “шидэт” үгс түүнд таагүй хандаж байсан олон хүмүүсийн үзэл бодлыг 180 градус эргүүлжээ.

Түүнээс гадна, энэхүү дайчин хатагтай өөрийн өмнөх төрийн тэргүүнүүдийн хийж чадаагүй хойд хөрш БНАСАУ-тай үг хэлээ ололцон, харьцаагаа сайжруулах, улс орны эдийн засгийн байдлыг бэхжүүлэн, хэзээ нэгэн цагт эцэг нь хийж чадсан эдийн засгийн гайхамшгийг тус оронд бүтээн байгуулж, төрийн том “ээж” байхаар хичээнгүйлэн зүтгэж байна.

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top