Ангела Меркель – “аюултай” лидер үү

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

Британийн долоо хоног тутмын New Statesman сэтгүүл Германы канцлер Ангела Меркелийг Европын хамгийн аюултай лидер хэмээн нэрлэж, сэтгүүлийн нүүрэн дээрээ “Терминаторын” дүрээр зургийг нь тавьсан билээ. Зохиогч Мехди Хасан түүнийг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун, Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад нартай адилтган, дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд томоохон аюул учруулж байна гэж баталсан байна. Тэр үнэхээр тийм аюултай эмэгтэй гэж үү?

Ангела Доротея Меркель 1954 оны долоодугаар сарын 17-нд Гамбург хотноо Хорст Каснер лам аав, латин-англи хэлний багш ээжийн гэр бүлд төржээ. Түүнийг төрснөөс хойш хэдэн долоо хоногийн дараа тэд гэр бүлээрээ Ардчилсан Германд шилжин ирж, алс бөглүү Темплин хотод суурьшсан байна.  Тэдний гэр бүлд 1957 онд хүү Маркус Каснер, 1964 онд охин Ирена нар төржээ. Ээж Герлинде Каснер өөрийн мэргэжлийн дагуу Ардчилсан Германы боловсролын системд ажиллахыг хүсээгүй ба бүхий л цаг хугацаагаа хүүхдүүддээ зориулж байсан учраас Ангела Каснер багадаа ямар ч хүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх бүлэгт яваагүй аж.

1961 онд Ангела Каснер Темплин хотын политехникийн дунд сургуулийн нэгдүгээр ангид оржээ. Хамт суралцагсад болон багш нарын дурсаж буйгаар, тэрээр үл ажиглагдам атлаа сайн нийгэмшсэн охин байжээ. Сурлагын хувьд их сайн, ялангуяа орос хэл, математикт гайхалтай сайн байсан аж. 1970 онд оросхэлийн олимпиадад түрүүлэн, Москвад аялах эрхээр шагнуулж байжээ. 1973 онд төгсөлтийн бүх шалгалтаа онц өгөн, Лейпцигийн их сургуулийн физикийн факультетад элссэн байна.

1978 оноос Ардчилсан Германы шинжлэх ухааны академийн физик-химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтны үүрэг гүйцэтгэн, хажуугаар нь хүрээлэнгийн эвлэлийн байгууллагад үзэл суртал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

1989 онд Берлиний хана нурсны дараа, коммунист дэглэмийг эсэргүүцэгч “Ардчилсан сэргэн мандалт” намд элсэн орж, жилийн дараа Ардчилсан Германы анхны, цор ганц, коммунист бус засгийн газрын хэвлэл-мэдээллийн нарийн бичгийн даргаар томилогдсон байна.

1990 онд Ангела Меркель /анхны нөхрийнхөө овогоор явдаг аж/ эрх баригч Христийн ардчилсан холбоонд /ХАХ/ элсэн орж, тэр жилээ тухайн намаас анхны нэгдсэн бундестагийн депутатаар сонгогджээ. Арван жилийн дараа Ангела уг намыг толгойлдог болсон байна.

1991 онд Гельмут Коль түүнийг эмэгтэйчүүд, залуучуудын асуудал хариуцсан сайдаар томилжээ. Тухайн үеийнхний өгүүлснээр, Меркель гурван жил энэ албыг хашихдаа ямар ч гойд зүйлээр өөрийгөө илэрхийлээгүй аж. Харин Коль түүнийг жаахан туршлагагүйдлээ хэмээн өмгөөлж, “охин” тэр ч бүү хэл “ангаахай” хэмээн өхөөрдөн дуудаж байснаас үүдэн сэтгүүлчид Ангелаг “Гельмут Колийн охин” хэмээн нэрлэх болжээ.

1994 онд Байгаль орчин, цөмийн реакторын аюулгүй байдлын сайдаар томилогдон ажиллаж байх үедээ Меркель нэгэн хэл аманд өртсөн байна. Энэ нь түүнийг зуслан руугаа явахдаа улсад хэдэн мянган маркийн зардал учруулан нисдэг тэрэг хөлөглөдөг гэжээ. Гельмут Кольд мөн энэхүү шуугианыг намжаах асуудал үүссэн байна.

1998 онд ХАХ сонгуульд ялагдал хүлээн, Меркель сайдын албанаас мултарчээ. Үүний дараа «Франкфуртер альгемайне» сонинд Колийг шүүмжилсэн түүний нийтлэл тавигдсан байна. Жилийн дараа Гельмут Коль 1993-1998 онуудад ХАХ-ны нууц дансанд хаанаас орж ирсэн нь үл мэдэгдэх хоёр сая орчим марк хийсэн гэсэн баримтууд дэлгэгдэж эхэлжээ.

Ангела Меркель ХАХ-ны ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөгдөхийг шаардан, 2002 онд Гельмут Колийн дараа түүний суудлыг эзэлсэн байна. Ингээд 2005 оны арваннэгдүгээр сард Германы канцлераар сонгогдсон билээ. Хэрэв хорин жилийн өмнө байсан бол Германы канцлераар эмэгтэй хүн, тэр тусмаа Ардчилсан Германд өсөж хүмүүжсэн хүн болно гэвэл хэний ч санаанд багтахгүй байсан биз.

2007 онд түүний тухай нэгэн сэтгүүлч “Ангела Меркель-хонины арьс нөмөрсөн чоно мөн үү?” гэсэн нийтлэлдээ Меркель “хүйтэн, эв нэгдэлгүй, хүмүүнлэг бус нийгэм” байгуулахыг эрмэлзэж байна гэсэн Герхард Шредерийн үгнээс иш татжээ. Түүнээс гадна, зарим шүүмжлэгчид түүнийг зөвхөн герман соёлыг чухалчилдаг, 2003 онд АНУ-ын Иракт хийсэн түрэмгийллийг дэмжсэн, харин одоо Туркийг Европын холбоонд элсүүлэхийг эрс татгалзан, Ираны эсрэг хатуу бодлого явуулж байна хэмээн шүүмжилсэн аж.

Гэр бүлийн хувьд, Ангель оюутан байхдаа нэг ангийн Ульрих Меркельтэй гэрлэн, таван жилийн дараа салсан байна. 1998 онд тэрээр хоёр дахь удаа гэрлэжээ. Түүний нөхөр Йоахим Зауэр дэлхийд нэртэй химич эрдэмтэн аж. Ангела Меркель хүүхэдгүй бөгөөд улс төрд идэвхтэй оролцож эхлэх үед 35 нас хүрсэн байсан учраас хүүхдийн талаар бодлоо орхисон хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.       

 Ангела Меркелийн араас хэвлэлийнхэн маш шаргуу хөөцөлддөг ба El Pais-д өгүүлснээр, “Францын ерөнхийлөгч асан Николя Саркози латин зангаараа түүний нурууг илэн, мөрөн дээр нь алгадаж, гарыг нь барьж аван үнсэх үед Германы канцлер аймаар эвгүй байдалд ордог” гэжээ. Мөн швейцарийн Le Matin сонинд мэдээлснээр, Меркель Парис дахь Германы элчинд гомдол гарган, энэ талаар Елисейн ордонд дамжуулж өгөхийг хүссэн байна. Тухайн сонинд өгүүлснээр, “Хүний биед хүрнэ гэдэг герман соёлоор бол бүдүүлэгт тооцогдоно, тэр тусмаа зүүн германы. Тэгээд ч Меркель бол протестант шашинтан. Тэд хувь хүний хоорондын зайг чухалчлан, тодорхой хэмжээний гадна болон дотоод чанга дэг журамтай хүмүүс. Сэтгэл хөдлөлөө биеэр илэрхийлэх явдал германуудад тохиромжгүй зүйл” гэжээ.

Forbes сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий улс төрч-эмэгтэйчүүдийн жагсаалтыг Ангела Меркель сүүлийн гурван жил дараалан тэргүүлж байгаа ба түүнийг заримдаа “тевтоны Маргарет Тэтчер” хэмээн нэрлэдэг аж.

Д.Мягмарсүрэн 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top