Даваа гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол болохтой холбогдуулан Вашингтонд аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авагдаж байна. Нийслэлд цагдаа болон Үндэсний гвардийн нэмэлт анги нэгтгэлүүд татагдан иржээ. Хууль сахиулах янз бүрийн байгууллагын 20 мянга орчим ажилтнууд хэв журмыг мөрдүүлэх талаар анхаарал тавих аж.
Урьдчилсан дүгнэлтээр, тангараг өргөх ёслолыг ажиглахаар 500 мянгаас 800 мянган хүн оролцох мэдээлэл байгаа нь дөрвөн жилийн өмнө Обамагийн анхны тангараг өргөх ёслолд оролцож байсан 1,6 сая үзэгчийг бодвол хоёр дахин бага байх юм.
Ням гаригийн үд дундаас хойш Вашингтоны төвийн районууд болон Потомак гол дээрх гүүрүүдийн замын хөдөлгөөн хаагдаж байна. Америкийн нийслэл дээгүүр хийгдэх агаарын нислэгт бас тодорхой хэмжээний хязгаарлалт тавигдаж байгаа аж.
Вашингтоны оршин суугчид “оргил цаг” дэглэмээр үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслүүдээр зорчих хэрэгтэй болжээ. Энэ үед зарим автобусны чиглэл өөрчлөгдөн, ёслол болох төвийн районы гурван метро түр хаагдаад байна. АНУ-ын Конгрессийн байртай ойролцоох автобусны буудлууд зөвхөн ёслолын ажиллагаанд оролцох урилгатай зорчигчдыг зөөвөрлөх юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )