Даваа гаригт Молдавын парламент дээд тушаалын албан хаагчид оролцсон ангын үеэр гарсан аллагыг мөрдөх улсын комисс байгуулахын тулд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болжээ.
Хууль тогтоох байгууллагын байрны гадаа улсын ерөнхий прокурор Валерий Зубко болон бусад өндөр тушаалын шүүгч, түшмэдүүдийг аллагыг нуун дарагдуулахыг оролдсон хэмээн буруутгаж, ажлаас нь огцруулахыг шаардсан олон нийтийн жагсаал болохоор төлөвлөгдөж байгаа аж.
“Хаадын ой” хэмээх дархан цаазтай газарт ан хийж байх үеэр бизнесмен Сорин Пачу алагдсан байна. Уг эмгэнэлт явдал 2012 оны арванхоёрдугаар сарын 23-нд болсон ба олон нийт харин арав хоногийн дараа мэдэн, бөөн шуугиан үүссэн байна.
Уг хэргийн талаар “Антимафия” хөдөлгөөний тэргүүн Серджиу Мокану ярьжээ. Тэрээр парламентын дэд дарга Влад Плахотнюк энэ хэргийн талаар ярихыг Зубкод хориглосон хэмээн хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэн өгүүлсэн байна.
Мөрдөгчдийн үзэж буйгаар, уг ан хийлт нь олон зүйлийг зөрчжээ. Дархан цаазтай газарт ан хийх зөвшөөрөл тэдэнд олгогдсон эсэх, тэд яагаад Пачугийн үхлийг олон нийтээс нуугаад байсан зэргийг тодруулах шаардлагатай байгаа аж.
Зубког халах тал дээр зогсож буй ерөнхий сайд Влад Филат энэ асуудлаар парламентын ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )