АНУ-д ахин буутай холбоотой хэрэг гарлаа. Нью-Мексико мужийн Альбукерк хотод 15 настай хүү нэг гэр бүлийн эхнэр, нөхөр, 3 хүүхдийн хамт буудсан байна. Цагдаагийнхан хэрэгтнийг баривчилсан ба шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Хүү тэдгээр хохирогчидтой танил байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Уг эмгэнэлт явдал гарсан айлын гэрээс хүүгийн буудсан винтов буу олдсон байна.
“Галт зэвсгийн асуудал” одоогоор АНУ-д хамгийн халуун сэдэв болоод байна. Саяхан Коннектикут мужид сургууль руу халдан 26 хүн буудсан хэрэг гарсан нь тус орныг хоёр талцуулаад байгаа билээ. Нэг хэсэг нь хорыг хороор гэдэг шиг, багш нарт буу тараан өгч, сургуулийн үүдэнд буутай харуул гаргах нь зүйтэй гэж байгаа бол зарим нь галт зэвсгийн худалдааг хязгаарлах хэрэгтэй гэж үзэж байна.
Ерөнхийлөгч Барак Обама дэлгүүрүүдийн лангуунаас хагас автомат винтовуудыг хураан, худалдан авагчдыг нарийн чанд шалгах хүсэлтэйгээ мэдэгдээд байгаа билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )