АНУ-ын саятан-азтан хүмүүнлэгийн хандив өргөлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

Хэрэв сугалаанаас их хэмжээний мөнгө хожвол юу хийх вэ гэсэн асуултад ихэнх нь байр, машин худалдаж авна гэх маягаар хялбархан хариулах биз. Гэвч зарим азтанууд зөвхөн өөрийнхөө талаар боддоггүй аж. Огайо мужийн оршин суугч нэгэн эмэгтэй хожлын мөнгөнийхөө хэсэг хувийг ариун цэврийн цаасанд зарцуулахаар боллоо хэмээн Miami Herald-д мэдээлжээ.

Огайо мужийн баруун өмнө зүгийн Батлер тойргийн 60 настай оршин суугч Регина Жонс 2008 онд эрүүл мэндийн байдлаас болж 7 сар ажилгүй байхад нь орон нутгийн Reach Out Lakota (ROL) буяны байгууллага 81 настай ээж тэр хоёрт зориулан сар бүр хоёр боодол ариун цэврийн цаас өгдөг байсан аж. Хэдийгээр энэ нь өчүүхэн бага, инээдтэй тус мэт заримд нь санагдаж болох ч харин энэ эмэгтэйн санаанаас огт гардаггүй, байнга талархаж явдаг байжээ.

Өнгөрсөн оны сүүлээр Регине Жонст том аз тохион, тэрээр орон нутгийн сугалаанаас нэг сая доллар хожсон байна. Ингээд татвар шимтгэлээ төлсний эцэст түүний гар дээр 700 мянга гаруй доллар үлджээ. ROL буяны байгууллагад зориулан ариун цэврийн цаас дүүрэн ачсан ачааны тэрэг өгөхөд хожлын тодорхой хэсгийг зарцуулах болсноо тэтгэврийн эмэгтэй зарласан ба эсвэл тухайн зүйлийг худалдан авч болохуйц мөнгийг уг байгууллага авч болно хэмээн мэдэгдсэн аж.

Регине Жонсын тэрхүү өгөөмөр шийдвэрийн талаар сонссон, гоо сайхны бүтээгдэхүүний Procter & Gamble корпорацийн охин компани болох, ариун цэврийн цаас үйлдвэрлэдэг Charmin компани ROL-д зориулан өөрсдийн зүгээс 4000 гаруй долларын өртөг бүхий 5000 боодол цаасыг хандивлахаар шийдсэн байна. Иймд Жонсын өгсөн мөнгийг буяны байгууллага эмзэг бүлгийнхэнд зориулан хувцас, хүнс худалдан авахад зарцуулахаар болсон аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top