Харвардын Их сургуулийн Анагаахын сургуулийн генетикийн профессор Жорж Черч эртний хүний хүүхэд төрүүлэх тээгч эх хайж байна гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдан шуугиан дэгдээж байсныг няцаажээ.
Өнгөрөх долоо хоногийн сүүлээр Британий Daily Mail-д Жорж Черчийг 33 мянган жилийн өмнө мөхсөн эртний хүний ДНК-г бүтээхэд ойртсон, дараагийн алхам нь эдгээрийн нэг төлөөлөгчийг дахин сэргээх явдал гээд эрдэмтэн эртний хүний хүүхдийг тээж төрүүлэх “баатарлаг эмэгтэйг” хайж байгаа талаар мэдээлсэн билээ.
Энэхүү мэдээг тэр дор нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүрч аван, асар хурдтайгаар тараасан аж. Daily Mail-ийн тэрхүү нийтлэл Германы долоо хоног тутмын Der Spiegel-д Черчийн өгсөн ярилцлагад суурилсан ба тэрхүү шуугиант мэдээлэл ярилцлагыг англи хэл рүү буруу орчуулснаас үүссэн гэж үзэж байна.
Тэрхүү ярилцлагадаа Жорж Черч эртний хүнийг хувилах нь онолын үүднээс боломжтой хэмээн дурдсан аж. Daily Mail энэ сэдвээр өөрийн интернет-сайтад засвар хийж шинэчилсэн нийтлэлийг ахин оруулсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )