Нобелийн шагналт Лех Валенса Монголын тухай ярив

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 23

 

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНПУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгчөөр 1990-1995 онд ажиллаж байсан, 1983 оны Нобелийн Энхтайваны шагналт, Польшийн ардчилсан хувьсгалын нэрт удирдагч, удаа дараагийн эрх чөлөөний хөдөлөгөөнийг удирдаж байсан Лех Валенсаг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “БНПУ-д хийж буй айлчлалын хүрээнд “Эв санааны нэгдэл” чөлөөт үйлдвэрчний эвлэлийн домогт удирдагч тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Бид Монголд ардчиллыг бэхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал тавьж, тусалж дэмжиж ирсэнд талархаж байдаг. Хуучин социалист тогтолцооны орнуудаас ардчиллыг Европ, Азид анхлан тогтоосон орнуудын хувьд Монгол, Польшийн харилцаа нь харьцангуй өвөрмөц, ойр дотно юм.

 Аливаа нийгэм өөр өөрийн гэсэн чирэгч хүчтэй байдаг. Социализмын үед тийм чирэгч хүч нь үзэл суртал байлаа. Харин Монгол, Польш шиг өөр өөрийн бүс нутагтаа ардчиллыг эхлүүлсэн орны хувьд хамгийн чухал үнэт зүйл нь хууль ёс, шударга ёсыг тогтоох явдал юм. Чөлөөт нийгэм сүүдрээ нуудаггүй. Түүний хамгийн гол хэсэг нь хууль, эрх зүйн муу дүрэм журмыг халж иргэнийхээ эрх, эрх чөлөө, тэгш эрхийг хангасан тийм хэм хэмжээг тогтооход байдаг. Монгол Улсын хувьд бид аль хэдийнэ үнэт зүйлээ олсон. Харин тэрхүү үнэт зүйлээ хэрхэн амьдралд хэрэгжүүлэх вэ гэдэг дээр хүн бүр өөр өөрийн байр суурьтай байдаг. Польш бол Европын эрх чөлөөний ногоон арал гэж би боддог. Монгол орны тухайд бид өөрсдийн ардчиллын ололт амжилтаас бусдад заах сургах бус, харин хуваалцах сайн туршлагууд бий болж байна” гэлээ.

 Лех Валенса хариу хэлэхдээ “Бид ирээдүйн нэгдсэн Европын талаар маш их анхаарлаа хандуулдаг. Ер нь Европын улс орон ямар байх ёстой вэ гэж. Өдгөө дэлхий дахины тал нь ардчилсан тогтолцоо, зарим хэсэг нь өөр тогтолцооны тухай ярьж байна. Энэ үед бидний хувьд нэгдсэн Европын үзэл санааг дэмжиж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар манай улсад зочлон ирсэнд тань би туйлын баяртай байна. Тантай дахин уулзах нь надад маш дотно сэтгэгдэл төрүүлж байна” гээд Монгол Улс дахь ардчиллын явц, хувийн өмч, иргэдийн эрх, эрх чөлөөний талаар ярилцав.

 Мөн Лех Валенса цааш өгүүлэхдээ “Таны хэлдэгчлэн чөлөөт нийгэм сүүдрээ нуудаггүй гэдэг нь үнэн. Ардчилалд ололт амжилт их байгаа ч бас засч залруулах ёстой олон зүйл бий. Ардчилал бол хэзээ ч дуусдаггүй, байнга анхаарал халамж шаарддаг үйл явц гэдэг таны байр суурийг би дэмждэг. Олон ургалч үзэл нь ардчилал дээр л тогтож байдаг. Миний хувьд ардчиллын талаар дараах гурван итгэл үнэмшил тогтсон. Үнэхээр сайн амжилт олсон ардчилал бол нэгдүгээрт, хүн бүр тэгш эрхтэй, эрх чөлөөтэй байх ёстой. Хоёрт, сонгох сонгогдох эрхээ чөлөөтэй эдэлж, энэ эрхээ баталгаажуулсан байх учиртай. Гуравт, нийт иргэд нь эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй, нийгмийн баялгаас шударгаар хүртдэг байх ёстой.

 Манай улсын хувьд энэ гурван боломжийн эхний хоёр дээр тодорхой амжилт гаргасан нь цаашид ч илүү их ажиллах ёстойг харуулж байна. Монголын хувьд нийгмийн нэг тогтолцооноос шинэ тогтолцоонд энх тайвнаар шилжиж чадсан нь гайхалтай. Ялангуяа Монголд сүүлийн жилүүдэд бий болж байгаа эдийн засгийн өсөлт, авлигыг бууруулах, шударга ёсыг тогтоох чиглэлд хийж байгаа ажлууд, амжилт ололт маш чухал юм” гэв.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Нобелийн Энхтайваны шагналт Лех Валенса нар Монголын түүх, нийгмийн асуудлаар өргөн хүрээнд ярилцаж санал солилцов. Уулзалтын төгсгөлд БНПУ-ын Ерөнхийлөгч асан Лех Валенса “Монголын тулгар төрийн 2222 жилийн ой тохиож буйд баяр хүргээд чөлөөт нийгмийн төлөө, ардчилсан үнэт зүйлийн төлөө 20 гаруй жилийн туршид тэмцэж ирсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Танд баяр хүргэе, Монгол Улс улам бүр ардчиллын үр шимийг хүртсээр байна гэдэгт итгэлтэй байна” гэснээр уулзалт өндөрлөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top