Бяцхан охин 321 хагалгааг давж гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 23

Аймшигтай түлэгдэлтийн дараа амьд үлдсэн ер бусын түүх саяхнаас Британийн хэвлэлүүдэд гарч эхэлжээ. Одоо таван настай охин бүр бяцхан байхдаа буцлам халуун устай угаалгын онгоц руу унан, 321 хагалгаа хийлгэн азаар амьд үлджээ хэмээн Sun сонинд бичсэн байна.

Тилли Соуфорд охин түлэгдэх үедээ ердөө л ой гурван сартай байсан аж. 2009 оны гуравдугаар сарын 8-нд охин угаалгын өрөөнд тоглож байтал ах нь санамсаргүй халуун усаа гоожуулчихжээ. Ингээд охин халуун ус руу унан, биеийнх нь 86% түлэгдсэн байна.

Тиллиг эмнэлэгт хүргэхэд эмч нар амьд үлдэх боломж ердөө л 5% гэж хэлжээ. Бяцхан охин хагас жил эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн байна. Энэ хугацаанд эмч нар таван ч удаа охиныг өнгөрч байна гэж эцэг эхэд нь хэлж байжээ.

Охиныг усанд унаж түлэгдсэн тэрхүү аймшигт өдрийг ээж нь арай ядан дурсаж байна. Хүүхэд чарлах чимээнээр угаалгын өрөөндөө гүйгээд ортол охиныхоо амьгүй болсон биеийг харсан аж. Тэрээр хүүхдээ угаалгын онгоц дотроос хэрхэн гаргаж авснаа ярихад бүх бие нь чичирхийлж байлаа. Охиных нь арьс гарт нь наалдан үлдэж байсан аж.

Гэвч бяцхан Тилли үнэхээр гайхалтай чийрэг байж огтхон ч бууж өгсөнгүй. Одоо тэрээр Ноттингем дэх Хатан хааны эмчилгээний төвд хийлгэсэн сүүлчийн хагалгааны дараа гэртээ эмчлүүлж байгаа аж. Охин инээмсэглэн “одоо миний бие маш сайн болсон. Би хурдхан сургуульдаа очиж найзуудтайгаа тоглохыг тэсэн ядан хүлээж байна” гэж ярьжээ. Тэрээр 2012 оны есдүгээр сард сургуульд орсон аж.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top