Их Британийн ирээдүйн хатан хаан

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

Уэльсийн хунтайж Чарльзийн том хүү Уильям, Кэтрин Миддлтон нарын хурим 2011 оны дөрөвдүгээр сарын 29-нд болсон билээ.  Энэ хуримын өдрийг Их Британид бүх нийтийн баярын өдөр болгон зарлажээ. Ингэж удам залгах ханхүү Уильям дундаж давхаргын төлөөлөлтэй гэрлэв!

Ирээдүйн хатан хаан нь яг тэдэн шиг метрогоор явах гэж юу болох, ажиллах, орой дэлгүүрээр явж хүнсээ цуглуулах гэх мэт олон зүйлийг сайн ойлгодог эмэгтэй таарсанд англичууд их баяртай байлаа. Энгийн британичуудын мөрөөдөл болон нэр хүндтэй хатан хааны гэр бүлийн улс төрийн нарийн тооцоо  зэрэг Кейт Миддлтонд бүрдсэн байв. Британийн хэвлэлд “Диана-Кейт” гэсэн зэрэгцээ шугам үүсэн, тэр хоёрыг харьцуулсан өчнөөн олон нийтлэлүүд бичигдэж байлаа. Ард түмэн Кейтийг хайрлах болов уу, тэр улс орны бэлэг тэмдэг болж чадах уу гэсэн асуултууд тавигдаж байв.

Уильям, Кейт нар танилцаад олон жил болж байгаа ба харин долоон жилийн хугацаанд дотны харьцаатай байж байгаад гэрлэсэн аж. Тэд шотландын Сент-Эндрюс Их сургуульд хамт суралцаж байхдаа анх танилцжээ. Ханхүү Уильямын хувьд эцэг хунтайж Чарльзаас ялгаатай нь хааны гэр бүлийн ихэмсэг байдлаас илүү энгийн амьдралын нөхцлийг чухалчилж үздэг байв.

2001 онд тэд танилцах үед Уильям, Кейт нар хорин нас л дөнгөж өнгөрч байсан ба аль аль нь өмнө нь хэн нэгэнтэй найзлаад амжсан байлаа. Олны яриагаар бол, их сургууль дээр загвар үзүүлэх хандивын үзүүлбэр тоглолт зохиогдох үеэр Кейт хагас гэрэлтсэн даашинзны загвар үзүүлсэн нь Уильямын анхаарлыг ихэд татсан аж.

2004 оны гуравдугаар сар гэхэд ханхүү Уильям байнгын найз бүсгүйтэй болсон нь нийтэд тодорхой болж иржээ. Кейт түүнийг хүнд үед нь дэмжин, зөвлөгөө өгч туслахад бэлэн байлаа. Уильямыг нэгдүгээр курстээ сургуулиа орхих гэхэд нь ятган болиулж, урлагийн түүхийн ангиа газарзүйгээр солихыг зөвлөж байв.

Тэрээр нэгэн удаа олон оюутан охидын дунд сэтгэл хангалуун байгаа Уильямын зургийг олж хараад түүнээс холдохоор шийджээ. Кейтгүйгээр гурван сар болохдоо Уильям бүгдийг ухамсарлан, уучлал гуйн буцан эвлэрцгээсэн аж.

Тэдний ирээдүйд гэр бүл болох шийдвэр нь хатан хааны гэр бүлийн гишүүдийг огтхон ч айлгаагүй ба харин эсрэгээр тэднийг Кенид нэгэн романтик оройн зоогны үеэр сүй тавьсан гэдгийг сонсоод баярлацгаасан байна. XYIII зуунд тогтсон заншлын дагуу гэрлэх зөвшөөрлийг эхлээд хатан хаанаас асуух ёстой тул Уильям эмээ рүүгээ утасдан хэлтэл аль эртнээс хүлээж байсан тэрээр дор нь зөвшөөрч адисласан аж.

Харин ерөнхий сайд Дэвид Кэмерон энэ мэдээг дуулаад ханхүү рүү утасдан, 1981 онд түүний аав,ээж-Чарльз, Диана нарыг гэрлэхэд хуримын өглөө хамгийн түрүүнд өөрийн нүдээр харахын тулд олон мянган шүтэн бишрэгчдийн хамт талбай дээр хонож байсан тухайгаа ярьсан байна.

Ингээд сүй тавьсан арваннэгдүгээр сарын 17-оос эхлэн Кейт албан ёсоор үндэсний бахархал болж, түүнд хатан хааны хамгаалагчдыг гарган өгчээ. Тэрээр хаа нэг тийшээ ганцаар явах болбол урьдчилан мэдэгдэж, орон нутгийн цагдаагийнхан сэргийлэн хамгаалах тусгай арга хэмжээг авдаг болжээ.

Кейт Миддлтон 1982 оны нэгдүгээр сарын 9-нд английн Беркшир гүнлэгийн Рединг хотод төржээ. Ээж Кэрол онгоцны үйлчлэгч, аав Майкл нисэхийн диспетчер байгаад хожим British Airways-д нисгэгч болсон аж. Миддлтоны гэр бүл гурван хүүхэдтэй: Кейт, Филиппа Шарлотта (Пиппа), Жеймс Уильям. Кейт хамгийн том нь.

1987 онд Миддлтоныхон “Party Pieces” хэмээх илгээмжийн худалдааны компани байгуулан, энэхүү бизнес нь тэднийг саятнууд болгосон байна. Үүний ачаар тэд өөрсдийн хүүхдүүдийг үнэтэй, чанартай сургуульд сургах боломжтой болсон нь Кейт охиныг ирээдүйн хатан хаан болох нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн гэхэд хилсдэхгүй.

Кейт 1995 он хүртэл суралцсан Сент-Эндрюс дунд сургуулиа төгссөний дараа Мальборо коллежид элсэн суралцжээ. Коллежид байхдаа Кейт теннис, хоккей, нетбол тоглон, хөнгөн атлетикаар хичээллэн, ялангуяа өндрийн харайлтанд их сайн байсан аж.

2000 онд коллежээ төгсөөд, их сургуульд элсэхээ нэг жилээр хойшлуулан, Итали, Чили улсуудад очсон байна. Тэнд Raleigh International хэмээх буяны байгууллагын хөтөлбөрт оролцсон аж. 2001 онд шотландын нэр хүнд бүхий Сент-Эндрюссийн Их сургуульд элсэн орж, тэнд ханхүү Уильямтай танилцсан билээ.

Саяхан, 2012 оны арванхоёрдугаар сарын 3-нд Их Британийн хатан хааны ордны албан ёсны төлөөлөгч ханхүү Уильямын гэргий Кембрижийн гүнж Кэтрин жирэмсэн бөгөөд хордлогын улмаас Лондонгийн төвд Эдвард VII хааны эмнэлэгт хэвтэж байгаа хэмээн мэдээлсэн билээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр, Уильям, Кейт нар Азийн орнуудаар аялан, баахан үнэтэй бэлэг цуглуулсан тухай мэдээ яригдаж байна.

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top