Өвсгүй талд цусгүй дайн дэгдээсэн У.Хүрэлсүхэд хэлэх үг бий

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийгээ эргэж харалгүйгээр баяртай хэмээн орхисон  У.Хүрэлсүхийг “Хурандаа зантай” нөхөр хэмээн магтагчид олширч сав л хийвэл У.Хүрэлсүх шиг байгаач хэмээн үлгэр авах болсон.  Гэтэл түүний улстөрийг орхисон шалтгаан нь зөвхөн ганц биш хэд хэдэн “ашигтай” шалтгаанаар УИХ-ын гишүүний дөрвөн жилийн визээ “cancel” хийсэн бололтой.

МАХН гэх 90 жилийн түүхт нэрний цусан толбо болоод байсан “Х”-г нь авч хаяж чадсан түүнийг 2012 оны УИХ-ын сонгуулиас өмнөх бол Ардын намын “Ардын баатар” У.Хүрэлсүх хэмээн цоллож, мань эр ч лидерүүдийн эгнээнд шууд шилжиж байлаа.

Гэтэл гай газар дороос, гахай модон дотроос гэгчээр сонгуулиар навс ялагдсан МАН хамаг эрх мэдлээ алдаж УИХ-д бүлэг ч байгуулж чадахгүйд хүрч гар мухардаж эхэлхэд намаа шинэчлэн бас сонгуульд цээжээрээ хаан авч орсон У.Хүрэлсүх хэцүүдэж эхлэв. Тэрбээр сонгуулиас өмнө “Хэрэв манай нам сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” хэмээн хэлчихсэн нь өөрт нь гай дуудаж ийм алхам хийхэд хүргэсэн гэх. Гэхдээ бас Хадгаламж банкнаас “хуссан” 14 –хөн тэрбум төгрөгийн жоохон хэсгээр нь фургон автомашин авч сонгуулийн сурталчилгаандаа ашигласан нь түүний нэрийг харлуулж орхисон. Энэ асуудал нь ч мөхөгдөж мэдэхээр болж “казиночин” нөхдүүдийн хэрэг сөхөгдөх дээрээ тулснаар УИХ-ын гишүүний албаа орхиход хүрсэн гэх “шум” бий.

Гэтэл саяханаас Хурандаа зантай У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших нь гэсэн яриа гарч эхлэв. АН-ыг бодвол боловсон хүчнээр баян хэмээн цээжээ дэлддэг МАН У.Хүрэлсүхээс өөр Ерөнхийлөгчид нэр дэвшүүлчих хүнгүй болоо юу хэмээн хор шарыг нь ухагчид ч олон.

Ямартай ч эрх мэдлийн төлөө, өвсгүй талд цусгүй дайн дэгдээж эхлээд байгаа У.Хүрэлсүхийн  цэргүүд МАН-ын өвгөн лидерүүдийг тахимаа өгөхийг шаардаж, залуустаа зайгаа тавих цаг болсон гэдгийг хонхдож эхэллээ.

Тиймдээ ч У.Хүрэлсүхээр овоглодог Ардын намын “ажилч шоргоолжнууд” намын дарга Ө.Энхтүвшинд шаардлага гардуулсан. Хэд хэдэн шаардлагыг тавихын зэрэгцээ намын даргыгаа албан тушаалаас нь буулгахаар зэхэж байгаагаа ч хэлээд авч. Бас л “Хурандаа ах”-ынхаа занг дууриасан зүрх зоригтой хүүхдүүд юм.

Намын даргаа огцруулж, намдаа эрс шинэчлэл хийж, цэвэрлэгээ явуулахыг хүссэн залуус нь нэг өрөөнийхөн. Тодруулбал, Тусгаар тогтнолын ордны баруун жигүүрийн нэг өрөөг эзлэн суудаг Н.Батсүмбэрэл, н.Аюурсайхан нар. Дээрээс нь Я.Төмөрбаатар нэмэгдэж байгаа гэх. Н.Батсүмбэрэлийн хувьд зөвлөхийн үүрэг гүйцэтгэж намдаа нэлээд танигдсан. Тэрүүхэндээ хөөрхөн “под под” хийчих хэмжээний боловсролтой. Бас ч гэж шаггүй “хор” найруулх арга ухааныг ах нараасаа сурч байгаа залуу. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх ахынхаа зөвлөхөөр ажиллаж байсан залуус. Я.Төмөрбаатар нь МАН-ын Хэвлэл мэдээлэл сурталчилгааны албаны даргаар ажиллаж байгаад 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялагдсны дараа У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллах болсон гэж байгаа. Харин н.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн Засаг даргаар хоёр сар ажиллаж эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэдгийг биеэрээ мэдэрсэн нэгэн. Боловсролынхоо түвшнээр хэнийг ч дагуулахааргзй энэ залууг намынхан нь хол явах залуу хэмээдэг ч өдгөө зөвлөхөөс дээшэ гарч чадахгүй байгаа нь өвгөн лидерүүд зайгаа тавьж өгөхгүй байгаагийнх.

Ийм шалтгаанаар л У.Хүрэлсүхийн цэргүүд хөдөлгөөнд орж нам доторх ардчилал буюу цусгүй дайныг эхлүүлжээ. Энэ мэтээр цэргүүдийнхээ шүдийг нь хүртэл зэвсэглэсэн экс генсек Ерөнхийлөгчийн сонгуульд шансгүй ч, өөрийг нь гоочилж хатуухан банга хүртээдэг нөхдүүдийг замаасаа зайлуулж улстөрд эргэн ирэх бэлтгэлээ хийж эхлэв бололтой. Холхи газар одсон У.Хүрэлсүхэд хэлэх үг бий. Би албан тушаалаас зүүгддэггүй. Явах үедээ яваад л өгсөн. Харин одоо би ирлээ гэж...

Ж.Ананд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top