АНУ-ын Төрийн департмент америк эцэг эхчүүд өсгөж хүмүүжүүлэхээр өргөж авсан гадаад хүүхдүүдийн тоог жил бүр нийтэлдэг билээ. Энэ баримтаас харахад, америкчууд өнгөрөх жил гадаад орнуудаас 8668 хүүхэд үрчилж авчээ.
Энэ нь өмнө жилтэй харьцуулахад 7%-иар бага, 1994 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт аж. Хамгийн өндөр нь 2004 онд америкчууд хилийн чанадаас 22884 хүүхэд үрчилж авч байжээ. Тэр цагаас хойш энэ тоо жил бүр буурсаар байгаа юм байна.
Өнгөрсөн оны байдлаар, америкчуудын үрчилж авсан хүүхдийн тоогоор хамгийн эхэнд Хятад улс -2589, хоёрт Эфиоп – 1568, гуравт Орос – 748, араас нь Солонгос – 627, Украин – 395, Конго – 240, Уганда – 238, Нигери – 197 үзүүлэлтээр орж байна.
Түүнээс гадна, энэхүү албаны мэдээллээр, 2012 онд 99 америк хүүхэд гадаад эцэг эхтэй болжээ. Эдгээрээс 41 нь хөрш зэргэлдээ Канад руу, 28 нь Нидерланд явсан аж.
Энэ 2013 онд америкчуудын үрчилж авах гадаад хүүхдийн тоо харьцангуй багасах магадлалтай байна. Учир нь, Орос улсад шинэ оны эхнээс АНУ-ын иргэдэд хүүхэд үрчлүүлэхийг хориглох хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байгаа билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )