Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь буюу төгсгөлийн шат баасан гаригт Чехэд эхэлнэ. Улс орон даяар 14 мянган сонгуулийн хэсгийн хороо орон нутгийн цагаар 14:00-д нээгдэн, орой 22:00 хүртэл ажиллах ба бямба гаригт 8:00-14:00 хүртэл санал аваад дуусах аж. Санал хураалтын урьдчилсан дүн бямба гаригийн орой гарна хэмээн эрх мэдэлтнүүдийн зүгээс мэдээлж байна.
Эхний шатанд есөн нэр дэвшигч өрсөлдөн, ерөнхий сайд асан, 68 настай Милош Земан 24,2%-иар тэргүүлэн, шадар сайд бөгөөд гадаад харилцааны сайд Карел Шварценберг өрсөлдөгчөөсөө 0,8%-иар дутсан билээ. Тэдэнд тус бүрд нь 1,2 сая сонгогчид саналаа өгсөн байна.
Өнөөдрийн өрсөлдөөнд хоёр нэр дэвшигчийг сонгогчдын бараг тэнцүү хэсэг дэмжиж байгаа нь сонгуульд онцгой ачаалал үүсгэн, үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй болгохоор байна.
Сүүлийн санал асуулгуудын дүнгээс харахад, Земан бага зэрэг давуу байгаа ч сурталчилгааны кампанит ажлын үеэр зарим сонгогчдын санал өөрчлөгдөн, 75 настай Шварценбергийн тал руу савлах магадлалтай байна.
Гадаад улс төрийн бодлогын талаар хоёр нэр дэвшигч Чехийг Европын холбооны гишүүн байхыг дэмжиж байгаа ба Шварценберг голлон АНУ-д чиглэж байгаа бол Земан чехийн эдийн засагт ашигтай байж болох орнуудтай хамтран ажиллана гэж үзэж байна.
Одоогийн энэ ерөнхийлөгчийн сонгууль нь тус улсын хувьд анхны бүх ард түмний шууд сонгууль аж. Үүнээс өмнө ерөнхийлөгчийг парламентын хоёр танхимын депутатууд сонгодог байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )