12 жилийн турш Хатан хааны нэрийн өмнөөс алба хаасан эр өөрийн байлдааны медалиудаа угсаа залгамжлах хунтайж Чарльзад илгээжээ. Түүний гэр бүлийг мөхлийн ирмэгт хүргээд байгаа орон нутгийн эрх баригчдын увайгүй хандлага Афган, Иракийн ахмад дайчны эгдүүцлийг хүргэсэн аж.
32 настай Бэйл Бейливай шагналуудтайгаа хамт захиа хавсаргасан байв. Тэрээр бүтэн 6 сарын турш гэр бүлтэйгээ үлдэхийн тулд тэмцэлдэн, энэ бүх зовлон шаналлын эцэст түүний байлдааны баатарлаг гавьяаны медалиуд үнэ цэнээ алдсан гэжээ.
Британийн хуулиар бол, олон улсын хамтын нөхөрлөлийн орнуудад алба хаасан дайчид оршин суух хүсэлтэй нутагтаа иргэншил авах эрхтэй байдаг аж. Энэ эрхээ Бейливай эдлэхийг хүссэн байна.
Өнгөрсөн оны зургаадугаар сард тэр амралтаа дуусаад армидаа буцжээ. Энэ үедээ өөрийгөө хамгаалах зорилгоор хамт алба хааж буй нэг цэрэгтэй нударга зөрүүлсэн аж.
Тэрээр дараа нь иргэншлийг нь зөвшөөрөхгүй гэсэн хариу аваад эхнэртэйгээ хамт маш их гайхжээ. Эхлээд тэд ямар нэгэн эндүүрэл гарлаа хэмээн бодож байтал харин нөгөө армийн шийтгэл нь шүүхийн хэргийн хэмжээнд тэлчихсэн байсан аж. Ингээд хагас жил өмгөөлөгчид хөлслөн, үнэн мөнийг олох гэж хөөцөлдсөөр эцсийн дүнд ялсан боловч гэрийнхээ хамаг мөнгө хөрөнгийг төлбөрт өгөөд дуусгасан байна.
Тэрээр Афганистан, Иракт амь хайрлалгүй, шударгаар алба хааж байсан дайчин эр байлдааны гавьяаг нь хэн ч үнэлэхгүй байгаад гомдон, медалиудаа хунтайжад илгээсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )