Гарчигнаас хараад л зарим нэг нь хэний тухай өгүүлэх гээд байгааг бараг төсөөлөх биз ээ. Бид түүнийг “Хөөрхөн хүүхэн”(Pretty Woman) киногоор нь хамгийн сайн мэддэг гэхэд хилсдэхгүй. Энэ бол ЖУЛИА РОБЕРТС (Julia Roberts).
Жулиа Фиона Робертс 1967 оны аравдугаар сарын 28-нд АНУ-ын Жоржи мужийн Смирна хотод гэр бүлийнхээ гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Дээрээ ах Эрик \1956 онд төрсөн\, эгч Лайза \1965 онд төрсөн\ -тэй аж.
Түүний эцэг, эх-Уолтер, Бетти-Лу нар ер бусын сайхан хосууд байжээ. Тэднийг залуу наснаас гадна хоёулаа кинонд ухаангүй дуртай нь нэгтгэж байв. Хамтын амьдралын эхний жилүүдэд хосууд дэлгэцэнд тоглохын тулд маш олон удаа оролдлого хийсэн боловч нэг нь ч бүтээгүй аж. Тэдний хайраас цэцэглэсэн Эрик хүү мэндлэн, дараа нь мөн тэрсхэн хоёр охинтой болсон нь тэднийг киноны мөрөөдлөө орхин, ямар нэгэн мөнгө олох зүйл хийхийг шаардсан байна. Ингээд Робертсынхон орлогын эх үүсвэртэй байхын тулд “Жүжигчин ба Зохиолч” нэртэй жижиг дэлгүүр нээжээ. Тэдний байнгын үйлчлүүлэгчид нь бас л өөрсөд шиг нь мөнгө тааруутай хүмүүс байсан тул ашиг багатай, сарын түрээсээ арай ядан төлдөг байв. Гэвч аав, ээж хоёр нь их нийтэч зантай, уран бүтээлч маягийн хүмүүс байсан учраас тэднийд байнгын олон зочид бужигнан, шөнө дөл болтол ярьж сууцгаадаг байжээ.
Гэвч үүний хажуугаар, дэлгүүрийнх нь орлого сар, жилээр муудсаар байгаад хоёр жилийн дараа дампуурсан аж. Ингээд эдийн засгийн уналтад орсон эцэг эхийнх нь харьцаа аажмаар муудсаар эцэстээ салсан байна. Дахин тэд өөр хүмүүстэй гэрлэн, хүүхдүүдийн хувьд таагүй байдал үүссэн тул Жулиа Нью-Йоркт жүжигчнээр ажиллаж байсан ах руугаа очжээ.
Тэнд өөрийнх нь амьдрал сайнаар өөрчлөгдөнө гэдэгт охин итгэлтэй байлаа. Тэрээр «Baskin-Robbins» кафед мөхөөлдөсний худалдагчаар ажиллаж байхдаа ирээдүйн амьдралаа романтикаар төсөөлөн өөртөө урам зориг өгдөг байв. Өндөр, биерхүү гоё нөхөртэй болчихоод, мөрөн дээр нь толгойгоо тавин хамт алхаад л..., том цэлгэр цонхнуудтай, задгай камин зуухтай гоёмсог байшинд амьдран, орой нь гэр бүлээрээ камин зуухныхаа дэргэд сууж хөгжилдөөд л..., яг ээждээ байсан шиг гоё хуримын даашинз өмсөн гэрлэж, сүйт залуу нь хундага өргөн “энэ бол миний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр” гэж хэлэн түүнийг үнсээд л....Энэ бол түүний мөрөөдлийн ертөнц байлаа!
“Mystic pizza” кинонд шалгуулахаар ирсэн бүсгүйчүүд дотроос бүхий л байгаа байдлаараа найруулагчид Жулиа илүүтэй таалагдан, тэрээр авахаар шийдсэн байна. Жулиагийн үгээ хичээнгүйлэн цээжилж байгаа, унжсан туг үсээ сандран хуруугаараа эргүүлэнгээ найруулагч руу том саарал нүдээрээ ичингүйрсэн байдалтай харж байгаа зэрэг нь түүнд сэтгэгдэл төрүүлсэн аж. Жулиагийн хувьд уг киноны гол дүр болох пиццаны кафен зөөгч бүсгүй мөхөөлдөсний худалдагчаар ажилладаг түүнтэй бүхий л байдлаараа төстэй байсан тул уг кинонд тоглоход тийм ч их хүндрэл учирсангүй.
Кино амжилттай болж, анхлан тоглогч бүсгүй хүмүүсийн анхааралд өртөж эхэллээ. Янз бүрийн үйл явдлууд, санал хүсэлтүүд ар араасаа хөврөн, кино бол түүний насан туршийн романтик мөрөөдлийг биелүүлэх цорын ганц зүйл гэдгийг Жулиа сайн мэдэрчээ. Пиццанд тоглосныхоо дараа тэрээр хэд хэдэн кинонд зураг авахуулж, тэдгээр нь Жулиад ч, бүтээсэн эздэд нь ч сүртэй ашиг орлого өгөөгүй байна. Зураг авалтын үеэр жаахан зугаацах үүднээс зарим киноны хамтран тоглогчидтой “учир ургуулаад” амжжээ. Жишээ нь, “Satisfaction”-ын Лайам Нисон, “Steel Magnolias”-ын Дилан Макдермотт гэх мэт.Хүүхнүүд өөрт нь “нугасгүй” хэмээн итгэдэг Нисон Жулиа түүнд төдийлөн сүйд болоод байхгүйд гайхан “Бурхан минь, би чиний хувьд юугаараа муу юм бэ?” гэж аргаа баран асуутал, нөгөөх нь шууд л улаан нүүрэн дээр нь “Чи бол надад хэрэгтэй тэр хүн биш” хэмээн шулуухан хэлжээ.
Жулиа хүлээгээд л байлаа...удалгүй түүний тэсвэр тэвчээрийг шагнасан юм. Энэ бол алдарт “ХӨӨРХӨН ХҮҮХЭН”. Энэ кино түүнд сая саяыг өгч, мөн Ричард Гиртэй холбоотой жинхэнэ хайрыг мэдрүүлжээ.
Анх түүнийг зургийн талбайд олж хараад л Жулиа шоконд орсон аж. Найруулагч тэднийг хооронд нь танилцуулах хүртэл ганц ч үг дуугарч чадахгүй, хий дэмий л урт сормуусаа дэрвэлзүүлээд, инээмсэглээд зогсоод байж. “Би нэг ч удаа хэлгүй жүжигчин бүсгүйтэй хамт тоглож байгаагүй юм байна шүү” хэмээн Ричард хөгжилтэйгөөр тоглоом тохуу хийн, түүнтэй танилцахаар гараа сунгажээ. Жулиа инээмсэглэсэн чигээрээ, өөрийнхөө сул доройг илүүтэйгээр мэдэрсэн аж. Ричард Гир бол маш гоё бөгөөд өөртөө итгэлтэй, хүйтэн хөндий маягийн хүн байлаа. Жулиа Ричардын ганц удаагийн харцнаас л барьц алдан сандарч, кино зураг авалт амжилттай болох эсэхэд эргэлзэхэд хүрсэн байна. Гэвч тэрээр зураг авалтын үед өөрийгөө бүрэн жолоодон, “тэр үнэхээр гайхалтай!” хэмээн найруулагчаа дуу алдтал чадварлаг тоглож чаджээ.
Зураг авалтын чөлөөт цагаар тэрээр Гирийн харахааргүй газар суун, түүний хэрхэн ном уншиж байгаа, кофе ууж, хүмүүстэй утсаар ярьж байгааг нүд салгалгүй хардаг байсан аж.Түүний бодлоор Ричард албаны ажлаа хувийн амьдралтай хольж хутгахыг тэвчдэггүй нэгэн гэхээр, тэр ямар ч мэдэгдэхүйц үйлдэл Жулиад чиглэж илэрхийлсэнгүй.
“Хөөрхөн хүүхний” зураг авалт дууссаныг тохиолдуулан найруулагч нь сүртэй үдэшлэг зохион байгуулав. Хүмүүс уун хөгжилдөж, сувдан цагаан, хагас гэрэлтсэн даашинз өмссөн Жулиа тэр оройн хатан хаан байлаа. Харин ганцхан Ричард Гир л түүн рүү тоож харсангүй. Бүхэл оройн турш тэр Жулиа руу ердөө л хоёрхон удаа дөхөж ирсэн ба хамтрагчийн хувьд нөхөрсгөөр мөрөөр нь тэврэхээс хэтэрсэнгүй. Энэ оройд ихээхэн найдлага тавьж байсан Жулиа цөхрөн мухардаж, хүмүүс тараад эхлэнгүүт өөрөө санаачлан Ричардыг тагтан дээр татаж гарган, биед нь наалдаж байгаад түүнд хайртай болсноо илэрхийлсэн байна. Гир үсийг нь илж, удаан дуугүй байснаа, бүсгүйн нулимстай нүдтэй аль болохоор харц тулахгүйг хичээн “Бид хамт байж болохгүй” хэмээн өгүүлжээ. “Яагаад?” хэмээн Жулиаг цөхрөнгүй байдлаар асуухад, “Яагаад гэвэл, би эхнэртэй” гэж хариулан, удалгүй салах ёс гүйцэтгэн, гэр рүүгээ яаран явсан аж.
“Тэр ч бүү хэл, намайг нууц амрагаа болгохыг ч хүсээгүй!” хэмээн гомдож цөхөрсөн Робертс нэлээн сүүлд дурсан ярьсан байна. Тэрээр Ричардын зан аашийг төдийлөн сайн ойлгож чадаагүй ба зөвхөн эхнэрийг нь (загвар өмсөгч Синди Кроуфорд) бодвол би хамаагүй бүдүүн, тэгээд ч учиргүй нэрд гараагүй болохоор тоогоогүй байх өө хэмээн сэтгэлээ тайтгаруулахад хүрсэн аж. Хожим нь “Оскарт” нэр дэвшсэн явдал ч, 12 кг хаясан, үзэгчид түүнийг бахдан биширсэн, аль нь ч юуг ч өөрчилсөнгүй. Ричард урьдын адил гэр бүлтэй, хүйтэн хөндий, Жулиа цөхөрсөн, ганцаардсан хэвээр.
Ингээд Гирийг мартагнахын тулд жүжигчин Кифер Сазерлендтай учран, бараг гэрлэхээ дөхөж байгаад бүтэлгүйтэн больж, нэг хэсэг сэтгэл санаагаар унан, уйлж, тамхи татан, зураг авалтанд ч оролцохгүй гэртээ бүгэн, сэтгүүлчид болон шүтэн бишрэгчид нь түүнийг мартаж эхэлж байгааг мэдэрч байлаа.
Түүний нөгөө сайхан мөрөөдлийн цэлгэр том байшин, өргөн мөртэй нөхөр, цасан цагаан хуримын даашинз замхран холдож байв. 1993 оны зургаадугаар сард тэр санамсаргүй Лайл Ловеттын концертыг үзжээ. Энэ нь кантри стилээр дуулдаг, үнэн царай муутай эр байв. Ингээд тэд танилцан хамт зугаалдаг боллоо. Танилцсанаас хойш долоо хоногийн дараа тэд сүмийн дэргэдүүр өнгөрч явтал Лайл гэнэт “Надтай гэрлээч” хэмээн хэлэхэд Жулиа дотроо “Яагаад болохгүй гэж?” бодсоноо намуухнаар, “Зөвшөөрч байна, хэрэв чи тоглоогүй бол” гэж хариулжээ. Ингээд бүх зүйл ном ёсоор болов: хуримын ёслол, бөгж, гэрчүүд, сүйт бүсгүй гээд.
Жулиа, Лайл хоёр гэрлээд яг хорин нэгэн сарын дараа салжээ. Тэд хоорондоо маргалдсангүй, бие биеэ мэхэлсэнгүй. Хэргийн учир нь, Робертс Ловеттод хайртай залуу, нөхөр гэхээс илүү зүгээр энгийн найз мэт ханддаг байжээ. Жулиад ямар нэгэн зүйл дутагдаад байгаа нь мэдрэгдэж байсан тул тэрээр Лайлд салах тухай санал тавихад, нөгөөх нь шууд л “Хэрэв чи хүсэж байвал салцгаая даа. Гэвч энэ бидний цаашдын нөхөрлөлд саад болохгүй гэж найдаж байна” гэжээ. Ингээд Жулиа ахин эрх чөлөөтэй бүсгүй боллоо.
Хувь заяа ахин Робертс, Гир хоёрыг “Runaway bride” киноны зураг авалтын талбайд учруулав. Энэ үед л Жулиа Ричардыг бүрмөсөн зүрх сэтгэлээсээ арчин хаяж чадаагүйгээ мэдэрчээ. Ахиад л арван жилийн өмнө өөрийг нь тоохгүй байсан тэр л хэвээрээ байгаа эрийг нууцаар ширтэн, урьдын байдал давтагдаж эхлэв. Сүүлийн үзэгдлийн зураг авалт дуусах үед тэдний хооронд ахин яриа өрнөх хэрэгтэйг Жулиа мэдрэн, Ричард руу дөхөж очлоо. Тэд урд урдаасаа ширтэн, яг л дайн дуусаад уулзаж буй хоёр цэрэг шиг харилцан ширтэлцэн зогсов. Энэхүү удаан үргэлжилсэн нам гүмийн дараа Жулиа Ричардаас “Би яагаад ийм аз жаргалгүй байдаг юм бол?” хэмээн асуужээ. Хариуд нь Гир “Чи хэрэггүй зүйлст маш их анхаарал хандуулж байна. Хань нөхөр сонгох үедээ гэхэд, тэр миний хажууд зогсоод зурагаа хамт авахуулбал ямар харагдах бол гэж бодох жишээний. Харин цорын ганц, үнэхээр чухал зүйл бол тэр хүн чамайг хайрладаг байх хэрэгтэй. Чамайг үнэн сэтгэлээс хайрлах тийм хүнийг чи олох ёстой, эсвэл түүнд чамайг олох боломж олгох хэрэгтэй. Ингээд л гүйцээ”. Энэ хоромд Ричард түүний амьдралыг ажиглан, сэтгэлээрээ хамт байсан нь тэдгээр хэлсэн үнэн үгсээс нь мэдрэгдэж байжээ.
Үүний дараа Жулиа бүтэн долоо хоног гэрээс цухуйлгүй, зурагтын ток-шоуг цувруулан үзэж байлаа. Нэгэн ийм өдөр Жулиа бэлтгэлийн өмд өмсөн, үсээ хайш яйш шуугаад хавччихсан, нэг гартаа татаж дуусаж буй янжуур барьчихсан, нөгөө гартаа савтай мөхөөлдөс барин идэж суув. Ширээний эргэн тойронд идэж дууссан амттаны хайрцаг, тамхины ишээр ёроол нь дүүрсэн үнсний сав, хумс засдаг хэрэгслүүд хөглөрнө. Тэрээр өөрийн хэнд ч хэрэггүй, хөдөлгөөнгүй байдлаа дүгнэн, яг одоо миний зургийг авбал доорх тайлбарууд нь ямар хөгийн юмс бичигдэх бол оо, жишээ нь, “Та нарын мөрөөдлийн бүсгүй ингэж л харагдаж байна”, гэх юм уу, эсвэл, “Од жүжигчин бүсгүй ганцаардлаас болж нас баржээ, түүний цогцсыг өлсгөлөн овчарка нь иджээ” \гэхдээ надад нохой байхгүй ш дээ\ гэх мэтээр гажигтай зүйлс бодон, гуниглаад сууж байтал гэнэт хаалганы хонх нь дуугарчээ. “Би ямар ч зочин хүлээгээгүй” гэж бодон сууж байтал, таван минутын дараа “Уучлаарай, би хаалгыг санамсаргүй түлхтэл тэр онгойчихлоо” гэсээр нэгэн залуу үүдний хавьд дуугарах сонсогдов. “Өө тэнэг, үүдээ түгжээгүй сууж байсан байна ш дээ” гэж өөрийгөө зэмлэн, зочноос сонирхон асуулаа: “Би чамайг таних бил үү?” гэхэд “Үгүй...өөрөөр хэлбэл тийм...” хэмээн ирсэн зочин сандран, гартаа барьсан цаасан ууттай зүйлийг базалж байв. “Жулиа, та бид таван жил нэг студид ажиллаж байгаа. Миний нэрийг Дэниэл Модер гэдэг. Таныг бүтэн долоо хоног харагдахгүй болохоор санаа зовоод эргэхээр ирлээ. Энэ таны дуртай мөхөөлдөс” гээд цаасан ууттай зүйлээ өгөв. Робертс цаасан уутыг онгойлгон, «Baskin-Robbins» байхыг харлаа. Үнэхээр, дуртай мөхөөлдөс нь. Тэр даруйд нь идэж эхэллээ, Дэниэл эсрэг талд нь зогсон, түүнийг анхааралтай ширтэнэ. Жулиа идэж дууссаны дараа зочноо гэнэт саналаа: “Яасан бэ, яагаад ийм сүрхий хараад байгаа юм бэ?” хэмээн халбагаа долоонгоо асуухад, “Уучлаарай, миний эрээ цээргүй, хамаагүй харсныг... Гэвч та үнэхээр үзэсгэлэнтэй юм” хэмээн мөхөөлдсөнд будагдсан Робертсын нүүрийг ширтэнгээ залуу эр өгүүлжээ.
Жулиа Робертс, кино оператор Дэниэл Модер нар 2002 оны долоодугаар сарын 4-нд гэрлэжээ. Хуримын ёслолоос долоо хоногийн дараа хосууд Нью-Мексико мужид, Таосоос холгүй 50 акр газар худалдан авч, гурван нохой, нэг муур тэжээж эхэлжээ. 2004 оны арваннэгдүгээр сарын 28-нд хоёр ихэр нь - охин Хэзел Патриша, хүү Финнеас Уолтер нар төрж, 2007 оны зургаадугаар сарын 18-нд Генри Даниэл Модер хүүгээ төрүүлсэн аж.
Тэдний гэр бүл Нью-Йоркийн Манхэттенд өөрсдийн пентхаус болон Тахо дахь эдлэн газартаа амьдардаг. Мөн Калифорнийн Малибуд байшинтай. Робертс «Om Red Films» кино компанийг эзэмшдэг ба буяны үйлст идэвхтэй оролцдог аж.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )