Хүүхэд насандаа амьдралын хүнд хэцүүг туулж, архидалт, хар тамхи, амиа хорлолтыг ч амсаж өнгөрсөн жүжигчин бүсгүйн амьдрал дандаа дардан шулуун замаар явсаар Холливудын од болсонгүй. Тэрээр эгзэгтэй цаг мөчид ухаалаг хандан, өөрийгөө ялж чаддаг энэ бүсгүй олон кинонд үзэгчдийн сэтгэлд хүрэхүйц сайхан дүрүүдийг бүтээсэн билээ.
Деметрия Гайнес 1962 оны арваннэгдүгээр сарын 11-нд Нью-Мексико мужийн Розуэлл хотод төржээ. Ирээдүйн од бүсгүйг хорвоод мэндлэхээс өмнө эцэг нь хаяж явсан ба ээж нь рекламны агентаар ажилладаг Дэнни Гайнстай гэр бүл болжээ. Түүний ажил нь байнгын явдал суудал шаарддаг байснаас Демиг насанд хүрэхээс өмнө тэдний гэр бүл бараг 30 удаа ийш тийш нүүж шилжсэн байна. Иймд Демид тогтсон найз нөхөдтэй болох боломжгүй, нэлээн ганцаардмал байдалтай өсчээ. Хойд эцэг Дэнни мөнгө олдог хэдий ч мөрийтэй тоглоомонд алдах нь элбэг байлаа. Энэ бүхний хажуугаар Демиг төрөлхийн хялар нүд нь маш их шаналгаж байв. Харин хоёр ч удаагийн мэс ажилбарын ачаар энэхүү согогоо засаж чадсан байна.
Деми гадаад дүр төрхөө ашиглан, загвар өмсөгч болж мөнгө олох зорилгоор сургуулиа орхин, Европ руу явжээ. Түүний 18 нас оршуулга, хуримаар давхцав. Хойд эцэг нь амиа хорлон, Деми өөрөөсөө 12 насаар ах рок хөгжимчин Фредди Муртай гэрлэжээ. Тэдний богино хугацааны гэрлэлт Демиг зөвхөн хатагтай Мур болгоод зогсохгүй, түүнийг кино ертөнцөд эргэлт буцалтгүй оруулсан аж.
Деми, Фредди нар жүжигчин Настасья Кинскитэй хөрш амьдардаг байсан ба тэр түүнийг өөрийнх нь зам мөрөөр явахыг Демид ятган, урам зориг хайрлаж байв. Демигийн анхны зураг авалтанд оролцсон нь General Hospital хэмээх теле цуврал байлаа. 1984 онд Деми цувралыг орхин, “St. Elmo”s Fire” кинонд тоглохоор болжээ. Уг киноны кокаинд донтсон бүсгүйн дүрийг бүтээнгээ өөрөө хар тамхи бодит амьдрал дээр хэрэглэж эхлэв. Энэ явдал найруулагч Жоэл Шумахер түүнийг энэхүү байдлаас нь болж зургийн талбай дээрээс шууд хөөх хүртэл гурван жил үргэлжилжээ. Гэвч хөөгдсөнөөсөө хойш долоо хоногийн дараа буцаж ирэн, түүнээс хойш огт хэрэглэсэнгүй.
St. Elmo”s Fire киноны зураг авалтын талбай дээр тэр жүжигчин найруулагч Эстевестэй танилцан, улмаар дурлалын роман үүсгэв. Энэ харьцаа гурван жил үргэлжлэн, “Эстевес миний анхны хайр байсан” хэмээн тэрээр Cosmopolitan сэтгүүлд нэгэнтээ ярилцлага өгөхдөө дурдсан байдаг.
Гэвч түүний амьдралын хайр нь 1987 онд учирсан “Хатуу самар” Брюс Уиллис байлаа. Тэд дөрвөн сарын турш өдөр бүр уулзан, түүний дараа Лас-Вегаст нижгэр хурим хийв. Тэд хуучинсаг маягийн гэр бүл бий болгон, Румер, Скаут, Таллулу гэсэн гурван охинтой болжээ.
Наяад оны сүүлээр Деми Мур гол дүрд нь тоглосон “Сүнс”/Ghost/ кино түүний карьерт чухал үйл явдал боллоо. Олон амжилтгүй кинонуудын дараа “Сүнс” түүнийг алдрын оргилд нүд ирмэхийн зуур аваачив. Дараагийн бас нэг амжилттай дүр нь Жек Николсон, Том Круз нартай хамт тоглосон “A Few Good Men” байлаа. Уг кино түүнийг Холливудын тэнгэр дор дажгүй байр сууринд хүргэжээ. 1994 онд Майкл Дугластай хамтран тоглосон “Disclosure” кинонд тэрээр биеийн гоо үзэсгэлэнгээ дэлгэцэн дээр “илчлэн”, дэлхий даяар алдаршив. Түүний тоглосон “Стриптиз” \Striptease\ кино шуугиан тарьж, Демигийн бүтээсэн тайчигч хүүхнийг харахын тулд үзэгчид театруудыг нураах дөхөж байлаа. Энэ кино түүнийг Холливудын хамгийн үнэтэй эмэгтэй жүжигчдийн эгнээнд аваачив.
“Стриптиз”-ийн дараа Деми харьцангуй удаан хугацаанд дэлгэцнээс алга болжээ. Түүний энэ “нам гүм” байдал 11 жилийн хамтын амьдралын дараах Брюс Уиллистэй салалт, алдартай “G.I. Jane” киноны зураг авалтаар дуусгавар болов. Шар хэвлэлүүдийн олон жилийн янз бүрийн цуу мэдээлэл биеллээ олж, Деми Мур, Брюс Уиллис нар 1998 онд гэрлэлтээ цуцлуулжээ.
Ингээд гурван хүүхэдтэй хэдий ч эрх чөлөөтэй бүсгүй болж, Брюсаас хойш Мадоннагийн дуу бичлэгийн Maverick студийн менежер, 29 настай Гай Осири, Холливудын залуу од, ирланд жүжигчин Колин Фаррелл нартай нэр холбогдон, 2003 онд өөрөөсөө 16 насаар дүү Эштон Катчертай “учир ургуулж”, хүмүүс эхлээд үүнд итгэхгүй байсан боловч “жинхэнэ хайр” гэдэг нь батлагдаж, тэд 2005 онд гэрлэсэн билээ. Холливудын төгс хос хэмээн нэрлэгддэг байсан тэдний харьцаа 2011 онд дуусгавар болов: учир нь, хуримынхаа 6 жилийн ойн үеэр Эштон 23 настай загвар өмсөгч Сара Липтэй “сээтэгнэн” Демийг араар нь тавьж, “хэргийн эзэн-хагархай амтай хүүхэн” сэтгүүлчидтэй сэтгэгдлээ хуваалцахаар яарснаас хамаг хэрэг мандсан аж.
Үүнээс хойш Деми Мурын талаар таатай, таагүй олон мэдээлэл цацагдаж байгаа хэдий ч өөрийгөө ялан дийлж, урьдын сайхан төрхөндөө эргэн орж, шинэ хайртай учраад байгаа талаар саяхан мэдээлэгдэж байсан билээ.Хэдийгээр нас 50 хэвийж яваа ч, зарим хүмүүс, орост София Ротару, америкт Деми Мур гээд хэзээ ч хэлбэр галбираа алдаж өтөлдөггүй, мөнхийн залуугаараа хүмүүс байх юм аа гэлцэнэ. Тэрээр урьдын загвар өмсөгч, алдартай жүжигчин бүсгүй маань шаггүй бизнесвумен гэдгээ амьдрал дээр батлаад байгаа аж.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )