Өчигдөр орой Киргизийн депутатууд парламентын ордноосоо муу ёрын сүнсийг хөөн зайлуулах ёс үйлдсэн байна. Эртний заншлаар тэнгэрийг амьд амьтнаар таних ёстой учир долоон хониор Аллахад өргөл өргөжээ.Ордны чухам аль өрөөнд хонины амь тасалсныг нууцалж байгаа аж. Парламентын дарга Ахматбек Келдибековын ярьснаар, уг ёслолд зориулж депутат болгон цалингаасаа 700 сом буюу 15 долларын хандив өргөжээ. Муу ёрын сүнсийг зайлуулахад цуглуулсан мөнгөнийхөө талыг хонь худалдан авахад зарцуулсан бол, үлдсэнийг нь ахмад настнуудад зориулсан асрамжийн газар байгуулах зэрэг хүмүүнлэгийн ажлыг санхүүжүүлэхээр болжээ. Парламент дахь уур амьсгалыг зөөлрүүлж депутатуудын бие биедээ хүндэтгэлтэй хандах, найрсаг харилцааг төлөвшүүлэхэд өвөг дээдсийн ёс заншил тус болно гэж олон хүн найдаж байгаа ч үр дүнг үзэх цаг хэр удахыг хэн ч хэлж мэдэхгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )