“Хятад Улс дахь хүний үндсэн эрхийн төлөө хүчирхийллийн бус замаар олон жил тэмцсэн”-ийхээ төлөө Норвегийн Нобелийн хорооноос Нобелийн Энх тайвны шагналаар шагнуулсан доктор Лю Сяо Бо эрхэмд Хятадын шүүх 11 жилийн хорих ял оноосон юм. Түүнийг тайван замаарх ардчилсан шинэчлэлтийг сурталчилсан, Хятад улсад нэг намын удирдлагыг төгсгөл болгох, хүний үндсэн эрхийг хүндэтгэн сахихыг уриалсан “Тунхаг бичиг 08”-ийг бичихэд оролцсон хэмээн ял оногдуулжээ. Доктор Лю Сяо Бог зургаан сарын турш цагдан хорихдоо өмгөөлөгч авах боломж олгоогүй бөгөөд шүүх хурлын үеэр засгийн газар түүний эхнэрийг гадаадын диломатууд болон хэвлэлийнхэнтэй уулзуулаагүй гэдгийг Эмнести интернэшнлийн зүгээс мэдэгдэж байсан.
Мөн Хятад улс нэр хүндтэй шагнал авсан иргэнээ урамшуулахын оронд түүний эхнэр Лю Сяг хууль бусаар гэрийн хорионд оруулж, одоог хүртэл сэтгүүлчид болон дипломатчидтай уулзах боломжийг хааж байгааг ч тус байгууллагаас эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байгаа юм.
НҮБ –ын зүгээс Хятад Улс доктор Лю болон түүний эхнэр Лю Ся нарыг хорьсоор байгаа нь олон улсын хуулийг зөрчиж байна хэмээн мэдэгдсэн ч, Хятадын Засгийн газар тэднийг гадаад ертөнцөөс тусгаарласан хэвээр өнөөдрийг хүрчээ.
Түүнчлэн Хүний үндсэн эрхийг тэр дундаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байгаа энэ хүчирхийллийг олон улсын зүгээс эсэргүүцэн зогсох шаардлагатай гэдгийг Эмнести Интернэшнлээс мэдэгдэж буй. Түүнийг суллахыг шаардсан хөдөлгөөнд 134 Нобелийн шагналтнууд нэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )