Бээжингийн эрх баригчид хотын утаанаас салах арга зам хайцгааж байна. Энэхүү нүсэр хот сүүлийн гурван долоо хоног битүү утаагаар бүрхэгдэн, агаарын бохирдол нь хэдэн арав дахин нэмэгджээ. Олон оршин суугчдын толгой хүчтэй өвдөн, хоолой нь бачуурч байгаа аж.
Эмнэлгийн өрөө тасалгаанууд ханиаж, хахаж цацсан хүмүүсээр дүүрч, энэхүү нөхцөл байдал нь хятадын төдийгүй гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татаж байна. Энэхүү утааг бээжинчүүд эдийн засгийн өсөлтийн хариу төлөөс гэж үзэж байгаа аж. Уг утааг зарим тохиолдолд арай зөөлрүүлэн “манан” хэмээн нэрлэж байна.
“Зарим хүмүүс нэг удаагийн, энгийн амны хаалт хэрэглэж болно хэмээн баталж байгаа ч тусгай зориулалтынх илүү найдвартай гэж шинжээчид үзэж байна. Гэвч миний бодлоор, энэ бүгд өөрсдийгөө хуурсан хэрэг, зайлшгүй шаардлагатай биш бол гэрээсээ ч гарах хэрэг алга” гэж нэгэн оршин суугч өгүүлсэн байна.
Бээжингийн иргэд удахгүй болох Цагаан сарын баярыг иймэрхүү нөхцөлд тэмдэглэхэд хүрвэл шинийн нэгний сар харах байтугай нараа олж харахгүйд хүрээд байгаа аж. Мөн уламжлал ёсоор шинэ сарын баярын үеэр буудуулдаг салютын утаа нэмэгдвэл юу болохыг төсөөлөхөд бэрх байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )