18 бэлгэвчтэй хар тамхи залгисан байв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

Шереметьевийн нисэх буудал дээр ихээхэн хэмжээний хар тамхи зөөвөрлөж явсан Колумбын санваартан лам баривчлагджээ. Тэрээр Орост шашны шугамаар ирсэн гэж өөрийгөө танилцуулсан байна. Түүний бие гэнэт муудан, ходоодыг нь угаах шаардлагатай болж, хамаг шившгээ дэлгэсэн аж. Одоо түүний хувьд хэдэн жилийг торны цаана өнгөрөөх нь тодорхой болжээ.

Ариун санваартан Фабио Рикардо Родригесийн “баялаг дотоод ертөнц” нисэхийн ажилтнуудын хувьд санамсаргүй байдлаар, санамсаргүй талаас нээгдсэн аж. Эхлээд ходоодоо угаалгахаас эрс татгалзаж байсан ламтан жаахан оройтох л юм бол үхнэ шүү гэхээр “бууж өгсөн” байна.

Фабиогийн бие гэнэт муудсан нь гаалийнхны сэжгийг төрүүлсэн аж. Тэрээр кокаинаар дүүргэсэн 18 ширхэг бэлгэвч залгисан нь рентген зурагаар тодорсон байна. Фабио Парисыг дайран дамжин өнгөрөх нислэгээр явж байсан ба дундын нислэгээс хоцрон, дараагийн рейсийг хүлээж байсан аж. Ийм байдлаар түүний нислэг удаашран сунжирсан нь дотроо тээж яваа ачаанд нөлөөлөн задрал өгсөн бололтой.

Түүний авч явсан бичиг баримтаас үзэхэд, 1995 онд шашны судлалаар эрдмийн цол авсан, Карибын тэнгисийн бүс нутгийн англи сүмийн ламтан юм байна. Холбогдох байгууллагын сайт дээр ч гэгээн ламтан дүрээрээ заларч байна гэсэн.

Шинэ оны эхнээс Орост хар тамхитай холбоотой шийтгэл чангарсан ба Фабио одоогоор Химкиний тусгаарлахад хоригдож байгаа аж.   

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top