Нүгэлт цагаан тэмээ аалзны тухай жихүүцэм яриаг сонсоогүй хүн үгүй биз. Цагаан тэмээ аалз өөрийн үрээ нуруун дээрээ шавуулан тээж, үүнийхээ өр төлөөсөнд амьд биеэ хоол болгон өгдөг зовлонт “хууль”-ийн дор амьдардаг цорын ганц амьтан. Байгалийн хамгийн харгис хэрцгий хуулиар амиа алддаг эх амьтан бол цагаан тэмээ аалз. Нуруун дээр нь хэд ядаараа “амьдарч” буй зулзаганууд нь эхлээд нэг нэгнийгээ барьж идсээр, хүчтэй нь үлдэж дараа нь эхийгээ нуруунаас нь эхлэн идэж дуусгадаг зовлонт жамтай.
Гэтэл байгаль эхийн хэвлий дээр амьдарч буй эл зовлонт тавилан зөвхөн аалзаар дуусахгүй аж. Коммунист дэглэмтэй, хаалттай гэдгээрээ алдаршсан Хойт Солонгост цагаан тэмээ аалзны амьдралаар амьдарч буй хүмүүс бий болж байгаа сэтгэл хирдхийм мэдээлэл цацагдах боллоо.
Хоол хүнсий гачаалд орж өлсгөлөн нүүрлэсэн эл улсад каннибализм буюу хүний махан идэштэнгүүд олширч энэ нь цогцос төдийхөнөөр хязгаарлагдахаа больж хүний аминд хүрэх болжээ. Гэхдээ насанд хүрсэн хүмүүс бие биенийгээ “барьж идэх” асуудал биш. Харин томчууд хоногийн хоолтойгоо залгаж шинэхэн шөл уухын тулд төрүүлсэн хүүхдээ егүүтгэж махаар нь хоолложээ. Тээж төрүүлээд, хайрлаж энхрүүлж өсгөсөн хүүхдээ егүүтгэж хоолтойгоо залгасан хэрэг зөвхөн одоо ч гарч байгаа юм биш гэдгийг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлснээр Хойт Солонгос дахь бас нэгэн хаалттай нууц задарсан нь энэ. Гадаадад төдийгүй дотоодын хэмжээнд ч мэдээлэл түгээхийг чанд хатуу хориглосон тус улсаас ийм хэмжээний мэдээлэл гарч байгаа нь наад захын асуудал гэх.
Каннибализмийн хохирогч болсон хэд хэдэн хэрэг гарсан тухай нэрээ нууцалсан сурвалжлагч мэдээлэл ирүүлсний дотор өлбөрч үхэхгүйн тулд булш ухан, хүүрээр хооллодог ч “зомби”-нууд бий болсон гэдгийг “Sunday Times” онцолжээ.
Хөдөө аж ахуй, фермер эрхлэн амиа зогоодог иргэдийн хоол хүнснийг хураан авч Пхеньяны оршин суугчдад түгээж ёстой л хойт хормойгоороо урд хормойгоо нөхдөг эл улсын хатуу бодлого хүмүүсийг каннибализм руу өөрийн эрхгүй ороход хүргэжээ.
“...Өнгөрсөн оны тавдугаар сард манай тосгонд нэгэн эр өөрийн хоёр хүүхдээ хөнөөгөөд, тэднийг идэх гэж байгаад баригдсан. Түүнийг буугаар шүршиж, цаазалсан...Бас нэгэн эр эхнэрийнхээ эзгүйд том охиноо хөнөөгөөд, дараа нь хүүгээ ч мөн хөнөөсөн. Учир нь хүү эцгийнхээ аллагын гэрч болсон гэнэ. Эхнэрээ ирэхэд нь нөхөр “бид махтай болсон” гэсээр угтжээ. Гэвч эхнэрт нь хачирхалтай санагдсан тул цагдаагийн байгууллагад хандсанаар тэд хүүхдүүдийн биеийн хэсгүүдийг олж, илрүүлсэн...” гэх мэдээллүүд хөвөрнө.
1990 оноос хойш өлсгөлөн нүүрлэж буй тус улсад хоол хүнсний дутагдлаас үүдэн 3.5 сая орчим хүн амиа алдсан байна. Харин тус улсын Өмнөд болон Умард Хванхэ хэмээх аж ахуй эрхэлдэг мужуудад сүүлийн жилүүдэд 10 мянга орчим хүн бусдын гарт амиа алдсан ба үүний зэрэгцээ хүний мах идэх явдал өсөх хандлагатай байна гэх.
Гэтэл БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун эцгийгээ залгамжласнаасаа хойш жил бүр тансаг хэрэглээний бараанд 600 сая ам.доллар зарцуулдаг болсон гэдэг. Өнгөрсөн жил л гэхэд тансаг хэрэглээний барааны импорт 584 сая ам.доллар болж байжээ. Харин Ким Чен Ирийн үед 322 сая доллар байсан аж.
Ким Чен Уны тансаг хэрэглээнд үнэтэй машин, бугуйн цаг, компьютер, мөн дарсны болон хатуу архи орно. Гэтэл эл тансаг хэрэглээнд зарцуулж буй мөнгөөр хоёр сая тонн улаан буудай худалдан авч болох аж.
Ард иргэд нь өлсгөлөнд туйлдаж, наранд ч нарсанд ч каннибализм газар авч байгаа ч залуу удирдагч Ким Чен Ун өнгөрсөн хэдэн сарын хугацаанд хоёр ч удаа пуужин хөөргөсөн юм. Харин өчигдөр улс орондоо цэрэг дайны байдал тогтоох тушаал өгсөн байна. Энэ нь цөмийн туршилт хийх гэж байгаатай холбоотой аж. Тэрбээр цөмийн туршилтаа БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн төрсөн өдөр буюу 2-р сарын 16-нд эсвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе-ийн тангараг өргөх өдөр буюу 2-р сарын 25-нд хийж магадгүй хэмээн шинжээчид үзэж байгаа юм.
Ямартай ч Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун шинэ оны босгон дээр ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ “Ирж буй 2013 он бол шинэчлэл, өөрчлөлтийн жил байх болно. Иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлж, эдийн засгаа хүчирхэгжүүлэн, хоёр Солонгосын хоорондох зөрчил мөргөлдөөнийг арилгах асуудалд анхаарлаа хандуулна. Цэрэг, армийн хүчээ хүчирхэг хэвээр хадгална” хэмээснээ ийн хэрэгжүүлж буй бололтой. Харин дэлхий нийтийг цочирдуулсан каннибализм тус улсад хэрхэн “нутагших” бол.
Ж.Ананд
Сэтгэгдэл ( 2 )
uls orni bodlogo uneheer buruu ywagdaj bn
ter ger oron udirddag ordong ni anu bumbugduud hayasai bi lav anu bolon baruunii ihenh ornii udirdagch nart itgedeg yagaad gevel ard tumen ni tedniig songodog harin mongold esergeer ted uursdiiguu songodog bur haan meteer bodoj soliordog enhbayraas ehleed