Пакистаны хүний эрхийг хамгаалагч, 15 настай Малала Юсуфази 2013 оны Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшлээ. Юсуфазигийн нэр дэвшилтийг Норвегийн парламентын бүлэг депутат санаачлан Нобелийн зөвлөлд өргөн барьжээ.
“Охидын боловсрол эзэмших эрхийн төлөө тууштай тэмцэж, баатарлаг эр зориг гаргаж байгаа Малалаг энэхүү хүндтэй шагналыг хүртэх бүрэн боломжтой гэж бид тооцож байна” хэмээн санаачлагчдын нэг, Ажилчны намын депутат Фредди де Руйтер мэдэгдлээ. Тэрээр 2012 оны аравдугаар сард эсрэг талынхан нь амь насанд нь халдсан охины эрс шийдэмгий тэмцлийг онцлон тэмдэглэжээ.
2009 онд ВВС дэлхийн албаны сайтад “Пакистаны сурагч охины өдрийн тэмдэглэл” гэсэн нэртэй блог үүссэн билээ. Блогийн эзэн охин тухайн үед засгийн газрын цэргүүд болон исламчуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж байсан Сватын тойргийн өөрийн суралцдаг сургуулийн талаар болон өөрийн амьдралын тухай блогтоо өгүүлж байв.
Тэр үед 11 настай байсан Юсуфази “Талибанчууд” Сватын хөндийг хяналтандаа авч, тэнд шариатын дэглэмийг тогтоон, охидыг дунд боловсрол эзэмшихийг хориглож байгаа тухай, мөн хүүхэд эцэг эхчүүдийн аюулгүй байдлын төлөө болгоомжлон, охидыг сургууль руу очуулахаас айн болгоомжилж байгаа багш нарынхаа тухай бичиж байлаа.
Жилээс жилд бяцхан охины нэр алдар түгэн, тэрээр барууны хэвлэлүүдэд ярилцлага өгч, хэд хэдэн баримтат кинонд тоглон, хүүхдийн эрхийн комиссын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлжээ.
2012 оны сүүлээр охинд эмгэнэлт явдал тохиолдов. 15 настай, хүний эрхийн төлөө тэмцэгч охины сууж явсан сургуулийн автобусыг буудан, охин толгой, хүзүүндээ хоёр хүнд шарх авч, эхлээд Пакистанд дараа нь Их Британид удаан хугацаагаар эмчлүүлэн, эдгэрч байгаа билээ.
Нэгдүгээр сарын эхээр Юсуфази эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдэд олгодог Симона де Бовуарын шагнал хүртсэн ба Нобелийн шагнал дотроо хамгийн нэр хүндтэйд тооцогддог энхтайвны шагналын эзнээр тодрох бүрэн боломжтой хэмээн тооцогдож байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )