Хирошима, Нагасакид хоёуланд нь өртсөн хүн

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

Цутому Ямагучи (Tsutomu Yamaguchi) Хирошима, Нагасакийн атомын бөмбөгдөлтөнд давхар өртсөн цорын ганц хүнээр албан ёсоор тодорсон билээ.

1945 оны наймдугаар сарын 6-нд залуу инженер Ямагучи Хирошимад ажлаар явж байжээ. Яг энэ үед америкчууд уг хотод атомын бөмбөг хаясан байна. 350 мянган хүн амтай хотын 140 мянган хүн тэр дороо амь үрэгджээ. Ямагучи бусадтай харьцуулахад бага гэмтсэн аж. Залуу эр эргэн тойронд нь шархтнууд ёолсон хоргодох байранд шөнийг өнгөрөөгөөд, маргааш нь галт тэргээр төрөлх хот руугаа явжээ. Нагасаки хот Хирошимагаас 288 км зайтай ба тухайн үед хоёулаа аж үйлдвэр, цэргийн чухал бааз байсан аж.

Наймдугаар сарын 9-нд Нагасакид ээлжит атомын бөмбөгийг хаяж, олон мянган хүн амь үрэгдсэн байна. Энэ удаад Ямагучи нэлээн хүнд түлэгдэн, өрөөсөн чих нь бүрэн дүлийрчээ.

Дараагийн 12 жилийн турш халдвар оруулахгүйн тулд биен дээрх шархны боолтоо байнга сольдог байжээ. Радио идэвхт бодисуудаас шалтгаалан, Цутомугийн эхнэр бусад олон япончуудын адил насан туршдаа хавдрын өвчлөлөөр шаналсан байна. Гэвч урт удаан хугацаанд амьдран, 2008 онд бөөр, элэгний хорт хавдраар өөд болжээ. Бөмбөг дэлбэрэх үед зургаан сартай байсан хүү нь 2005 онд 60 насандаа талийгаач болсон байна.

Ямагучи ходоодны хорт хавдраар өөд болохоосоо өмнө цөмийн аюулыг эсэргүүцсэн тэмцэлд маш идэвхтэй оролцож байсан ба ганц ч удаа америкчуудын талаар муу үг хэлж байгаагүй аж .  

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top