Энэ эмэгтэй ганцаараа сансрын нислэг гүйцэтгэсэн дэлхийн цор ганц бүсгүй ба түүнээс хойш ниссэн хүүхнүүд бүгд нисэх багийн бүрэлдэхүүнд орж явсан билээ.
Валентина Владимировна Терешкова Ярослав мужийн Большое Масленниково тосгонд 1937 оны гуравдугаар сарын 6-нд төржээ. Эцэг нь тракторчин, ээж нь сүлжмэлийн үйлдвэрийн ажилчин байжээ. Дунд сургуулийн наймдугаар ангиа төгсөөд, гэр бүлдээ туслахын тулд үйлдвэрт ажилчнаар орон, ажилчин залуусын оройн ангид сургуулиа үргэлжлүүлсэн байна. 1959 оноос Ярославын нисэх клубт шүхрийн спортоор хичээллэж эхэлжээ. Сүлжмэлийн үйлдвэрт ажиллангаа, хөнгөн үйлдвэрийн техникумд эчнээгээр суралцан төгссөн аж.
Зөвлөлтийн сансрын нисэгчдийн анхны амжилттай нислэгүүдийн дараа сансарт эмэгтэй хүн нисгэх санаа Сергей Королёвд төрж эхэлжээ. 1962 оны эхээр тусгай шалгуурын дагуу бүсгүйчүүдийг хайж эхэллээ: 30 хүртэл насны шүхэрчин, өндөр 170 см, жин 70 кг хүртэл байх.
Мянга гаруй шалгуулагчдаас тавыг сонгож аван, 1962 оны гуравдугаар сарын 12-ныг сансрын нисэгч эмэгтэйчүүдийн баг байгуулагдсан албан ёсны өдөр болгосон байна. Үүнд: инженер Ирина Соловьева, математикч-программист Валентина Пономарева, сүлжмэлчин Валентина Терешкова, багш Жанна Еркина, нарийн бичгийн дарга Татьяна Кузнецова нар байжээ. Ингээд бүсгүйчүүд асар хүнд дасгал сургуулилт, нислэг харайлтыг гүйцэтгэж эхлэв. Тэднийг хааш хаашаа 2,5м зай бүхий сансрын нислэгийн бүхээг мэт дуу тусгаарлагчтай өрөөнд оруулан, ажиглалтын камерын тусламжтайгаар сэтгэл зүйч эрдэмтэд нэг бүрчлэн ажигладаг байлаа. Бүсгүйчүүдийг тус бүрд нь 10 хоногоор энэхүү “нислэгт” илгээдэг байсан аж. “Жингүйдлийн” дасгалыг тэд сөнөөгч МиГ-15 онгоцоор гүйцэтгэдэг байсан ба нэг нислэгийн үед онгоц 3-4 удаа эргэлт хийн 40 секунд орчмын жингүйдэл үүсгэж, нэг эргэлтэн дээр овог,нэр, сар өдрөө бичин гарын үсэг зурах, удаахад нь шахдаг тубиктэй хоол идэх, дараагийнхад нь өгөгдсөн хэллэгийг дамжуулагчаар давтан хэлэх дасгал хийдэг байв. Шүхрийн дасгал мөн маш чухал ач холбогдолтойд тооцогддог байжээ.
Сансрын бэлтгэлийн улсын шалгалтын дараа бүсгүйчүүдийн багийг ерөнхий зохион бүтээгч Королёвд албан ёсоор танилцуулсан байна. Сергей Павлович бүх хүүхнүүдийг ээлж дараалан өөрсдийн тухай ярихыг хүсчээ. Дараа нь сансарт нисэх хүсэл яагаад төрсөн талаар сонирхсон аж. Ярилцлагын төгсгөлд Королёвын царай барайн, багийн байдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Түүний бодлоор, багийн бүх гишүүд сансар, пуужинт техникийн талаар ойлголт хомс байна гэж үзсэн байна.
Сансарт хэн нисэхийг сонгох тал дээр, социализмын үед моод болоод байсан “ардын хүүхэд” гэсэн утгаар нь Терешковад аз тохиосон аж. Харин Валентинаг сансарт нисээд амжилттай газардсаны дараа хүмүүсийн атаархал, гомдол өрөвдөлтөөр солигдсон байна. Сансрын аяллын үед Терешковад маш муу байжээ. Тэрхүү далан цаг түүний хувьд там болж хувирсан аж. Валентина бараг тасралтгүй дотор нь муухайрч, огиулж бөөлжиж байсан хэдий ч тэсвэр тэвчээр заан Дэлхий рүү мэдээлэл дамжуулсаар байлаа: “Би Чайка байна. Нислэг хэвийн явагдаж байна”.
Харин газардах үедээ Терешкова толгойгоороо төмөр дуулгаа хүчтэй мөргөснөөс хөмсөг, хацар дээрээ хөхрөлттэй буужээ. Валентина газардах үедээ бараг ухаангүй шахуу байжээ. Түүнийг Москва руу эмнэлэгт яаралтай хүргэн, оройхон хирд л түүний амь нас, эрүүл мэнд аюулгүй боллоо хэмээн мэдээлсэн байна. Дараагийн өдөр нь кино мэдээнд зориулсан зураг авалтыг маш яаралтай хийцгээжээ. Терешковаг буух төхөөрөмжид суулган, түүн рүү тосож буй хүмүүс гүйлдэн, нэг нь аппаратны тагийг нээхэд дотор нь Терешкова хөгжилтэй, инээмсэглэсэн байдалтай сууж байгаа зураглал дэлхийгээр тархсан байна.
Сансраас “Чайка” бүгдийн билэг тэмдэг, агуу эмэгтэй болон буцаж ирлээ. Бүгд түүнийг үлгэрлэн дууриаж, хүүхнүүд түүнтэй яг адил үсээ тайруулахаар үсчинд дараалан хүлээдэг болов. Лангуунууд дээр “Чайка” хэмээх бугуйн цаг зарагдан, Кремльд түүнийг урин, хөл алдаж, дэлхий даяар олон нийтийн байгууллагууд түүнийг хүндэт гишүүнээ болгохоор бөөн хөл хөөрцөг болж байлаа. Энэ мэтчилэн, тухайн үед түүний хүлээсэн хүндлэл, авсан гавьяа шагналыг тоочоод байвал барагдашгүй. Терешкова тэр үеийн домог болж байлаа. Түүнд генералын цол хэргэм олгож \одоо хүртэл оросын армийн цор ганц эмэгтэй генерал\, Саран дээрх нэг объектыг түүний нэрээр нэрлэн, алдар хүндийн титэм түүнийг бүрэн нөмөрч байв.
Сансарт ниссэнээс таван сарын дараа буюу 1963 оны арваннэгдүгээр сарын 3-нд Терешкова гэнэт сансрын нисэгч Андриан Николаевтай гэр бүл боллоо. Чухам яагаад энэ хүн түүний нөхөр болов гэдгийг тухайн үедээ хэн ч сайн ойлгосонгүй. Хүмүүсийн яриагаар, тэр үед Валентина Гагаринд дурласан байсан ба нөгөөх нь гэр бүлтэй байсан аж. Энэхүү гэнэтийн гэрлэлтэд Хрущевийг оролцсон гэсэн ганц тайлбартайгаар хүмүүс үлдэн, Валентина өөрөө хэзээ ч энэ талаар ярьж байсангүй. Жилийн дараа тэд охинтой болж, Елена сансрын нисгэгч аав, ээжтэй цорын ганц хүүхэд болжээ. Гэвч тэдний салалт хүмүүсийг хуримаас дутахааргүй цочирдуулсан аж. Тэдний гэрлэлт хайр сэтгэлээр бус, улсын бодлогоор холбогдсон болохоор төдийлөн урт настай биш байсан бололтой.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )