Монгол Улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг энэ сарын 24-нд тэмдэглэв. Энэ үеэр Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багийн иргэн, Моностойн ойн нөхөрлөлийн ахлагч, доктор Г.Цэдэндаштай ярилцлаа.
-Энэ өдрүүдэд Монголын ойн салбарынхан 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Та ойн салбартай анх хэрхэн холбогдож байв?
-Бүр анх ойтой холбогдсон түүх гэвэл, би ойд төрсөн хүн байгаа юм, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, Найман нуурын эрэгт төрж өссөн. Бэлгэдлээр ч гэх үү, 10 жилийн сургуульд сурч байх үеийн минь тодотгол баавгайн бамбарууш /инээв/. Тэгэхээр ерөөс би ойн хүн болж төрсөн шиг байгаа юм. 10 жилийн сургуулиа төгсөөд ХААДэС-ийн ойн инженерийн ангид орж суралцсан. Сургуулиа дүүргээд ШУА-д хуваарилагдаж, жил бүр маршрутын дагуу Монголын бүх ойгоор судалгаа хийж байлаа.
1970 оноос хойш Монголын ойн салбарт ажиллаж эхэлсэн. Түүнээс тооцвол өнөөдрийг хүртэл 50-аад жил болжээ. Үүний 40-өөд жил нь ШУА-ийн харьяа Ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгчээр ажилласан байна. Чөлөөндөө гарснаас хойш Дархан-Уул аймгийн Хонгор сумын Моностой гэдэг газар ойн нөхөрлөл байгуулж, түүнээс хойш мод тарьж байна. Голцуу шилмүүс, нарс, гацуур хуш, хар мод ургуулж байгаа. Түүнээс гадна жижиг чимэглэлийн сөөг, жимсний мод давхар тарьдаг. Одоо өөрийнхөө тарьсан ой дотор, дүнзэн байшинд ажиллаж, амьдарч байна даа.
-Монголын ойчид баяраа тэмдэглэхийн сацуу дараагийн 100 жилд юу хийхээ төлөвлөсөн байх. Ойн салбарын эрдэмтэн, судлаачийн хувьд та юу хэлэх вэ?
-1924 онд Хөдөө аж ахуйн яамны харьяа дөрвөн салбар бүхий ойн анги Монгол Улсад байгуулагдсан. Тэр нь голдуу мод огтлох чиг үүрэгтэй. Түүнийг ойн салбарын үүсэл хөгжил гэж үздэг юм. Өнөөдөр 100 жилийн ойн баярын хурал, тэмдэглэлт үйл явдал болж байна. Анх мод огтолдог, түүгээрээ ширээ сандал хийдэг талын салбар байгуулагдсан гэхэд 1968 онд ойг нөхөн сэргээх ажил Монголд эхэлсэн түүхтэй. Маш хойно энэ ажил эхэлсэн, хоцорсон гэсэн үг. Гэхдээ тэр үеийн социализмын Материал техникийн бааз анх байгуулагдахдаа мод огтолж аж үйлдвэрийн комбинатыг хөл дээр нь босгож байлаа. Түүнээс хойш ч олон үйлдвэр завод барьж байгуулсан. Тэр бол арга байхгүй улс орны хөгжилд ашиг тусаа өгсөн. Нэг үе Ойн модны аж үйлдвэрийн яам ч гэж байлаа. Улсын нийт орлогын 10-аад хувийг бүрдүүлдэг том яам байсан. Бид чинь зах зээлийн системд орохоос өмнөхөн мебелийн үйлдвэртэй, сандал ширээгээ өөрсдөө хийдэг, мод боловсруулах комбинат ажиллаж, сүрхий хөгжиж байсан. Гэвч зах зээлийн ороо бусгаа цаг биднийг тойроогүй, тиймээс нэг хэсэг уналтад орсон. Сүүлийн үед 2000-аад оноос арай хойхнуур ойн салбар нэлээд хөгжиж, сүүлийн хэдэн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” хөдөлгөөн өрнүүлж, Монголд 300-400-аад мод үржүүлгийн жижиг газартай болсон. Түүнээс өмнө байсан газрууд ч бий, гэхдээ тэр нь цөөхөн. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Монголын ой сэргэсэн. Мөн хамгаалалт их сайтай болсон. Монгол оронд 1000 гаруй ойн нөхөрлөл байдаг. Нөхөрлөл бүр өөр өөрсдийн эзэмшил газартай. Тэндээ эзэн болж хамгаалах үүрэгтэй, мөн түүнээсээ ялимгүй жаахан ашиг олдог. Ойгоо түймрээс, хулгайн мод огтлохоос хамгаална. Ингэснээр сүүлийн үед хулгайн ан гөрөө ч багассан. Харуул хамгаалалт нэмэгдэхийн хэрээр хуучин нөхөн сэргээдэг байсан ажлууд давхар сайн хийгдэж, манай ойн салбар түлхүү хөгжих шатанд орсон байна гэж би хувьдаа үзэж байгаа. Дараагийн 100 жилийг ойг нөхөн сэргээх зуун болгомоор байна. Өмнөх зууны талд нь бид модоо огтолж мебель хийдэг байлаа. Сүүлийн үед л ойг нөхөн сэргээх ажлууд хийж ирлээ, тэр дотор болсон, болоогүй юм зөндөө байлаа. Өнөөдөр бол дараагийн 100 жилд бид юу хийх вэ гэдгээ маш сайн бодох ёстой.
-Үүний тулд юу хийх ёстой бол?
-“Тэрбум мод” үндэсний чуулганы хамгийн эхний хурал дээр би есөн зүйлийн асуудал дэвшүүлж байлаа. Мэдээж эхнийх нь модоо тарь, дараа нь мал, хүн, түймэр гурваас хамгаал. Ойгоо сайн хамгаалж чадвал бид нэг тэрбум мод тарьсан гэсэн үг. Бид хот, суурингаа ногоон болгох ёстой. Хот, сум, дүүргийнхээ эргэн тойрныг, айлын хашаануудыг ногоон болгоод зогсохгүй тариалангийн талбайн хажуугаар мод тарих ёстой. Энэ бол тусгай шинжлэх ухаан. Тариалангийн талбайн салхин дээр мод тарьчихаар хунгар жигд тогтож, хавар усалгаа хийхгүй, сайн ч ургадаг. Мөн авто зам, төмөр замын дагуу мод тарих ёстой. Хубилай хааны үед Бээжингээс нааш Хархорин руу чигтээ зам дагуу мод тарьж байсан түүхтэй. Тэр тухай Марко Поло бичсэн баримт ч бий. Өнөөдөр Орост зам дагуу, төмар замынхаа хоёр талаар мод тарьсан, битүү модон дотор явдаг. Тэр бол хиймэл моднууд. Гэтэл Монголд өнөөдөр тэр хэрэгтэй, зам дагуу мод тарихад тэрбум модныхоо тоонд ороод явчихна.
Өнөөдөр хэлэх зүйл бол, ялангуяа өнөөгийн оюутан залуус, шинээр төгсөж буй, магистр, доктор хамгаалж байгаа боловсон хүчнүүд Монгол орныхоо ойг шинээр тэлж ургуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, түймэрт идэгдсэн ойгоо нөхөн сэргээх ёстой. Хуучин огтолсон газруудыг нөхөн сэргээх шаардлагатай. Нөхөн сэргээх, тэлж ургуулах хоёр тусдаа асуудал. Нэг нь байгаагүй газарт шинээр ой бий болгох. Нөгөө нь огтолсон газрыг нөхөн сэргээж байгаа юм. Гуравдугаарт, сүүлийн үед ой модны хортон шавьж гарч ирэх болсон. Тэд 3-4 жил идчихээр ой мод хатчихдаг. Богд уулын ар талаар хөхрөөд харлачихсан мод их болсныг та бүхэн харж байгаа байх. Үүнийг хортон шавжаас хамгаалах хэрэгтэй. Дараагийн анхаарах асуудал бол ой мод ихээр өвчлөх болсон. Монголд ийм өвчин их гарах болсон. Үүнийг мөөгөн өвчин гэж нэрлэдэг. Тавдугаарт, ойтой байсан газар, голцуу голын хөндийд алтныхан алт хайж ухдаг болчихсон. Ийм газруудад уурхайн дараах нөхөн сэргээлтийн ажлыг хиймээр байна. Там болгоод хаячихсан газар зөндөө бий. Бульдозероор түрээд хаячихсан овоолсон шороо, тоос, тогтоол ус гээд эко системийг хамгийн муухайгаар доройтуулсан нь уул уурхайн хаягдсан газрууд байдаг. Үүнийг нөхөн сэргээх нь дараагийн зуун жилийн үүрэг гэсэн оношийг л тавьж байна даа.
-Манай улсад уурхайн нөхөн сэргээлт ямар түвшинд явж байна вэ?
-Хааяа нэг хариуцлагатай уул уурхай байх нь байна. Ядаж шороог нь түрчихвэл тэрэн дээр мод тарьж болно. Эсвэл шарилж ч гэсэн ургана шүү дээ, тэнд. Шороог нь түрэх нь зүгээр хаяснаас л дээр. "Хасу мегават" компани гэх мэт нөхөн сэргээлтийн ажлыг гайгүй сайн гүйцэтгэдэг байгууллага бий. Нэг үеийг бодвол, ийм газрууд сүүлийн үед олширч байгаа нь сайн талтай. Юу юугүй хуучин шиг, тухайлбал 1990-ээд оных шиг, тэрний дараа үетэй адил хамаагүй хаядагаа больсон.
-Өнөөдрийг хүртэл та хэчнээн мод тарьж ургуулав?
-Ойжуулсан талбай гэвэл анхны тарьсан моддын өндөр 10 гаруй метр, диаметр нь 20 гаруй см болжээ. Га-гаар яривал 100 гаруй га газрыг ойжуулсан.
-Энэ бол зөвхөн Дархан-Уулын Хонгор сумын Моностойд тарьсан мод уу?
-Тийм ээ, Моностойд болон, ойр орчимд тарьсан мод. Түүнээс наана мод үржүүлгийн газарт тарьсан мод, мөн үрээр тарьсан модын оролцуулах юм бол өнөөдрийг хүртэл дунджаар хагас сая мод, сөөг тарьсан. Монголын ойгоор би 20-30 км газар явган нүцгэн алхсан байдаг юм, судалгааны ажлаар. Ерөнхий статистик хэлбэл, ийм л тоо баримт байна даа.
-Айлууд хашаандаа мод тарьдаг болсон. Зарим нь ямар мод тарихаа сайн мэддэггүй. Ямар төрлийн мод таривал ашиг тустай вэ?
-Хамгийн гол нь айл болгоны хашаанд жимсний мод байх хэрэгтэй. Ганцхан бут тарьчихад жилд найман литрийн хувин жимс авна шүү дээ. Хоёрдугаарт, ганц хоёр чимэглэлийн мод байх ёстой. Амьсгалахад сайхан байх голт бор, жимсний модноос гадна нарс, гацуур байвал зохистой. Гацуур, нарс модны хажууд бараг мах тавьчихад өтдөггүй юм шүү дээ. Дээр нь мод тарихдаа мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө ав.
-Танаас хүмүүс туршлага судалж, зөвлөгөө авдаг уу. Энэ чиглэлийн төв байгуулах санаа танд байна уу?
-Намайг энд тэндээс олон хүн урьж хичээл заалгана. Цэцэрлэгийн багш нар, 10 жилийн биологийн багш нарыг цуглуулж байгаад хичээл заадаг юм. “Тэрбум мод” хөдөлгөөний дагуу зөвлөгөө авах, мод тарих газраа үзүүлэх, тарьсан модоо харуулж зөвлөгөө авах гэсэн хүмүүсийн цуваа тасардаггүй. Би ч чадах ядахаараа мэдэхээ хэлж өгч, хичээл зааж, зөвлөдөг юм.
-Та “Хэнтийн нурууны ойн ургамалжилт” сэдвээр доктор хамгаалсан юм билээ. Хэнтийн нурууны ой модны онцлог юу вэ?
-Ойн ургамалжилт гэхээр ой ч орно, бут сөөг, эко систем болон түүний өөрчлөлт бүгд орно.
Хэнтийн нуруу бол Тужийн нарс, Богд уул, Дорнодын Баян-Уулыг хамарсан Монголын ойн сангийн гуравны нэгийг эзэлдэг. Энэ бүсэд би олон жил судалгааны ажил хийж явсан. 20-оод жил тэгж зүтгэж байж доктор хамгаалсан юм.
-Энэ судалгааны ажлаар та ойн салбарт ямар асуудал дэвшүүлсэн бэ?
-Түрүүн ярьсан ойн эко системийн өөрчлөлт, түүнийг хамгаалах бүх асуудал багтсан. Мод огтолж буй асуудал, түймрийн аюул, нөхөн сэргээлт гээд бүгдийг хөндсөн. Зүгээр байсан бол тийм асуудал хөндөх шаадлага байхгүй шүү дээ. Хэрэв бид 1800 оныхоороо байсан бол Монголын ойг судлаад байх шаардлагагүй. Тэр үед ойн эко систем өөрчлөгдөөгүй байсан. Зөвхөн гэрийн түлээгээ бэлдэнэ, уурганы мод, сүхний иш л авна, зэрлэг жимс түүнэ, бусдаар огт оролддоггүй байлаа. Түймэр гарвал унтраана, бороо цас ихтэй байсан цаг учраас байгаль өөрөө аяндаа дарчихдаг тийм л цаг байж дээ, 1800-1900 он. Манай ойн салбар үүсэн байгуулагдсан цагаас мод огтолж эхэлсэн. Хүн ам олширч, машин техник олноор нэвтэрсэн. Ан гөрөөг хядаж, модыг нь огтолж, хүний хариуцлагагүй үйлдлээс болж түймэр гарах нь ч их болсон. Ингэснээр эко систем асар их өөрчлөлтөд орсон. Зүгээр байсан бүхэн өөрчлөгдөж, эко систем нь доройтчихоор тэрийгээ засаж залруул гэдгийг төр, засагтаа хэлж өгч байгаа хэрэг юм даа, судалгаа хийнэ гэдэг.
-Та битүү модон дотор амьдардаг гэлээ. Уушгиний өвчин гэдгийг мэдэхгүй, эрүүл мэндэд ч их тустай байдаг байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Модон дотор амьдарч, харзны ус ууж байгаа болохоор ханиад томууг мэдэхгүй. 15 настайгаасаа тамхи татсан гэхэд миний уушги зүгээр. Тэгэхээр баланс бариад байна уу гэж боддог юм /инээв/.
Сэтгэгдэл ( 0 )