Эх орныхоо дөрвөн зүг найман зовхис, 21 аймгаар даялан явахдаа юу эс сурах вэ. Буурилсан газраа заавал аргал хомоол бадрааж ариусган байж, газар лусын эздэд нь дуулган байж, ирсэн зорилгоо айлтган байж, ирсэн хүмүүсээ таниулан байж тал засдаг заншлыг сурав.
Бугтай газар бузартай, бузартай газар булштай нь бишгүй. Аль болох айлын бараанд, аргалын утаанд буурилах нь зүй. Буугаа суугаа газартайгаа хүнчлэн харилцаж, хүлцэн ярилцвал ер нь урамтай байдаг. Ууц хугалахгүй, уужруулж аян зам ч авшиг ерөөлтэй үргэлжилнэ. Буудлуудааc аль болох дөлнө, гэхдээ урин цагтаа шүү дээ. Өвлийн тэcгимд бол манайх, танайх гэж голохгүй олдож байгаа бууринд л олоод хоноглочихно.
Ард бид анхны заншлаа гээснээс хойш адад баригдан авшиг ерөөлөө умартсанаас зүдэн яваа нь үнэн тул зүрхлэн хэлэхэд зүүнээс баруун умардаас өмнөддөө буй өвгөддөө өргөл өргөж даатган мэдүүлж, даруй хүлцэн хүүрнэх үгээ дуулгаж байсан ёсон эртнийх. Энэ цагт л бөө ламтны бөөрөнд наалдаад байгаа болохоос биш өмнө нь монгол хүн бүр л өөрийгээ арчилдаг, өрөөлөөс өмгөөлөл гуйдаггүй, өрлөг ээжүүд өглөөд цайныхаа дээжээр цацал өргөн сүнс сүлдээ даатгахдаа сүрлэг Монголоо төдийгүй cүрт дэлхийгээ ч багтаан байжээ. Өнөө цагт илт ёсон сэргэж, ирээдүй гэрэлтэх нь дамжиггүй, бөгөөд далим үгүй. Ер нь хөдөө орон нутагт явахдаа байгаль дэлхийдээ сүү саалиа өргөж, аян замаа бэхлүүлж, буурилах газраа хүртэл болбол аргал хомоол бадраан ариусгаж ариусч яваарай, ардууд минь. Ингэх нь байгальтайгаа л байнга хэлэлцээрт орно гэсэн үг. Байгалиа хайрлана гэдэг байгаагаар нь байлгахыг хэлдэг ажээ. Байгаль амгалан бол бид ч бас эcэн мэнд ажээ.
Н.Дуламсүрэн
Сэтгэгдэл ( 0 )