“Хүн-аалз” хэмээн алдаршсан франц эр Алан Робер даваа гаригт “Гавана Либре” зочид буудлын байшин өөд авирчээ. Түүний өндөр нь 126 метр ба кубын нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Ведадо дүүрэгт байрладаг аж.
Тамирчин эр ямар ч даатгалгүйгээр уг барилга өөд хагас цаг хиртэй авирсан ба уг үзүүлбэрийг олон зуун оршин суугчид болон гадаадын жуулчид сонирхон нүд хужирлажээ.
27 давхар “Гавана Либре” барилга нь 1958 онд ашиглалтанд орсон бөгөөд одоо хүртэл хотын хамгийн өндөр барилгад тооцогддог аж. 1959 оны кубын хувьсгалаас өмнө “Гавана Хилтон” гэж нэрлэгдэн, дэлхийн шилдэг 10 зочид буудлын нэгд багтдаг байжээ.
“Хүн-аалз” Робер Гаванад өнгөрөх долоо хоногт ирэн, ээлжит гайхамшигт авиралтаа гүйцэтгэхийн тулд эрх баригчдын зөвшөөрлийг хүлээн хэд хоносон байна.
50 настай Робер дэлхийн 70 гаруй өндөр барилгуудыг эрхшээлдээ оруулсан ба тэдэн дунд Эйфелийн цамхаг, Манхэттен дахь “Эмпайр-стейт-билдинг”, “Москва-Сити” –ийн нутаг дэвсгэр дэх “Федерация” цогцолбор цамхаг орж, 2011 онд Дубай дахь дэлхийн хамгийн өндөр барилга болох “Бурж Халифа”-д \828 м\ зургаан цаг авирсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )