30 жилийн хамтын амьдралын дараа Аль Бано Карризи, Ромина Пауэр нар салах өргөдлөө өглөө: олонхийн ойлгодгоор, алдартай, аз жаргалтай хосуудын хоорондын харьцааны ан цав хэт их байсныг италичууд ойлгов. Энэхүү гүн гүнзгий католик шашинтай оронд гэр бүл сална гэдэг тийм ч амар эд биш. 6 жил гаруй сунжирсны эцэст, 2002 оны тавдугаар сард алдартай хосуудын асуудлыг шүүх шийдсэн байна. Тэд ахин хэзээ ч хамт байхааргүй боллоо...
Аль Бано, Ромина нар эстрадын тайзнаа хичнээн сайхан хослон дуулдаг байсныг тэр үеийнхэн сайн санаж байгаа. Тэд дэлхийг тойрон аялан тоглолт хийж, очсон газар болгондоо танхим пиг дүүрэн үзэгчидтэй байдаг байлаа. Наяад онд тэдний “Феличита” дуу супер хит болон, хаа сайгүй эгшиглэж байв!
Гэвч тайзан дээрх амжилт мөнхөд үргэлжилдэггүй билээ. 1994 оны нэгдүгээр сарын 6-нд оддын гэр бүлд зовлон тохиолоо. Аль Бано, Ромина хоёрын том охин Иления алга болжээ. Тэрээр өвлийн амралтаараа АНУ-ын Шинэ Орлеанд байсан аж. Хоёр орны цагдаагийнхан хичнээн хайгаад ч өнөөг хүртэл тусыг эс олов. Иленияг алга болсны дараа янз бүрийн цуу дэгдэж байлаа. Албан ёсны хувилбараар бол түүнийг хулгайлсан бололтой. Харин хэн, яах гэж гэдэг нь тодорхойгүй хэвээр үлджээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр, охиныг хиппи нартай холбоотой байсан гэжээ.
Ромина, Аль Бано нарт ойр дотно байгсдын ярьж буйгаар, тэрхүү гайт өдрөөс хойш хосуудын харьцаанд ан цав үүсч эхэлсэн аж. Тэд болсон үйл явдалд бие биеэ буруутган, байнга маргалддаг болжээ. Ингээд, эцэст нь тэд салах өргөдлөө өгцгөөсөн байна.
Уг нь анх тэр хоёрын хувьд бүх зүйл гайхалтай сайхнаар эхэлжээ! Залуухан, дур булаам америк охин Ромина Пауэр 1969 онд, 18 настайдаа Италид ирэв. Сүүлд италийн хэвлэлийнхний нэрлэдэг байсанчлан “Калифорнийн гоо бүсгүй” 30-40-өөд оны алдартай жүжигчин, италийн цагаач Тайрон Пауэрын чинээлэг гэр бүлд өсчээ. Тэрээр өөрийн эх орондоо хөгжмийн боловсролоо үргэлжлүүлэхээр ирсэн аж. Удалгүй тухайн үедээ нэрд гараад амжсан байсан дуучин, Сан-Ремо фестивалийн хөтлөгч, 25 настай Аль Бано Карризитай танилцсан байна. Ингээд тэдний гал халуун хайрын түүх эхлэн, 1970 оны долоодугаар сарын 26-нд хуримаа хийцгээжээ. Тэр жилээ залуу хосын гэр бүлд анхны охин Иления мэндэлсэн аж. Гурван жилийн дараа Ромина хүү төрүүлэн, ахин хэдэн жилийн хойно хоёр охинтой болсон байна.
Эцгийн эрхт ёс давамгайлсан, католик гэр бүлд төрж өссөн Аль Бано сонгодог маягийн өрхийн тэргүүн байлаа. Ромина хэдийгээр АНУ-д өссөн ч гэсэн нөхөртөө маш их хайртай байсан тул ямар ч яриа хэлгүйгээр, итали маягийн амьдралын огт өөр орчинд дасан зохицож эхэлжээ...
Гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй хэдий ч хувийн харьцаагаа тасалсан тэд эхэн үедээ хамтын амьдралдаа цэг тавьсан гэдгээ огт мэдэгдэхгүй байв. Энэхүү байдал нь Аль Бано словакийн сэтгүүлч эмэгтэй Габриэлла Скрабаковаг тэвэрч, сэтгүүлчдийн дуранд өртөх хүртэл үргэлжилжээ. Тэд 1998 онд Вена хотноо Скрабакова Аль Баногоос ярилцлага авах үед танилцсан байна. Сэтгүүлч бүсгүй анх 15 настай байхдаа Аль Баног Братиславд концерт дээр хараад анх дурлан, насан турш хэвээрээ байгаа тухайгаа өгүүлсэн нь дуучны зүрх сэтгэлийг хөндсөн аж. “Тэр үед Ромина бид 2 аль эрт эхнэр, нөхөр байхаа больсон байсан” хэмээн Аль Бано өгүүлсэн байна. Тэр өөрийн хайрт бүсгүйнхээ хүнийг сонсох чадвар, хүнд хэцүү үед хэрэгтэй үгийг олж хэлж чаддаг байдлыг нь ихэд бахаддаг гэжээ. Тэднийг 26 насны зөрүү нь огтхон ч эгдүүцүүлдэггүй гэнэ. “Бид бол хамт байх нь хоёр биедээ таалагддаг, насанд хүрсэн хүмүүс” гэж Габи тайлбарлаж байна.
Роминагийн хувьд урьдын адил идэвхтэй, эрч хүч дүүрэн байгаа ба кино зураг аван, Итали, Америкийн теле шоунд оролцож, ном бичин, уран зураг зурж байна. Тэрээр зургийн сонирхлынхоо дагуу английн залуу зураач Жонатан Бишоптой танилцан, цагийг тун зугаатай өнгөрүүлж байсан аж.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 1 )
Хөөрхий дөө, үр хүүхдээ алдаж зовлон үзсэн хүмүүс дээ...