Уолтер Дисней өөрийн ах Ройн хамт олон зуун хүүхэлдэйн кино бүтээж, ялангуяа Микки Маус, Дональд Дак нараараа ихэд алдаршсан билээ.
Уо́лтер Эла́йас Ди́сней 1901 оны арванхоёрдугаар сарын 5-нд Чикаго хотод төржээ. Энэхүү нүсэр, шуугиантай хот эцэг эхэд нь таалагдахгүй байснаас тэд хүүхдүүдээ Миссури мужийн Марселин хотоос гадагш, жижиг ферм дээр өсгөхөөр шийджээ. Тэр үед Уолт дөрөвхөн настай байсан ба зураг зурахыг машид хүсэвч гэрийнхэнд нь цаас, харандаа авах мөнгө байсангүй. Тэр саваа, давирхай олон, гэрийнхээ ханан дээр байшин зуржээ. Энэ нь Уолтын хамгийн анхны зураг байлаа. Тэрээр гурван жилийн дараа хөршүүддээ зурагаа зарж эхэлсэн байна. Харин 40 жилийн дараа гэхэд, тэдгээр хөршүүд нь уг зургуудыг дуудлага худалдаагаар зарахад хүрчээ.
Ферм дээр амьдрах тэдний гэр бүлд ашиггүй байсан тул ахин нүүдэллэж, Канзас-Сити хотод ирсэн аж. Тэнд 8 настай Уолт мөнгө олж эхэлжээ. Тэрээр 6 жилийн турш үүрийн 3:30 цагт босон, сонин тараадаг байв. Тэдгээр сонин дээр нь харагддаг комикс зургуудыг дууриалган зурахыг хүсэвч өчүүхэн ч чөлөөт цаг байдаггүй байжээ. Бүх зураачид бол ажилгүй амьтад хэмээн боддог эцэг нь Уолтыг өчүүхэн ч дэмждэггүй байв. Тэглээ ч Чикагогийн урлагийн институтэд элсэх боломж Уолтод тохиосон билээ.
1918 онд Уолт Дисней цэргийн албанд мордохыг хүссэн боловч түүнийг авсангүй. Ингээд Улаан загалмайн нийгэмлэгт нэгдэн, хилийн чанадад явж, нэг жил эмнэлгийн тэрэг барьсан байна.
1919 онд Канзас-Ситид буцаж ирээд, арилжааны студид уран сайхны удирдагчаар ажиллаж эхэлжээ. Тэнд өөрийн ажил хэргийн хамтрагч, залуу зураач Уба Айверкстэй анх танилцсан байна. Тэд хамтран хувийн студи нээж, хуучин камер олж аван, хоёр минутын сурталчилгааны кино хийдэг болжээ. Тэрхүү богино кинонууд нь орон нутгийн театруудад гардаг байсан ба хамтрагчид Холливудын кино үйлдвэрлэлд ойртохын тулд өөрсдийн студийг Лос-Анжелест нүүлгэн шилжүүлсэн байна.
Уолт Диснейг хүүхэлдэйн кино хар тамхи мэт татаж байлаа. Халаасандаа 40$-той тэрээр нэлээн мөнгөтэй ах Ройтойгоо уулзан саналаа хэлж, хоёулаа авга ахынхаа гаражид дэлгүүр нээсэн байна. Харин 1926 оны нэгдүгээр сард Калифорнид Диснейн анхны студи нээгджээ. Анхны хөдөлгөөнт кинонуудаа хийж эхэлснээр ах дүү хоёр мөрөөдөлдөө хүрэхэд ойртсон байна. Кино бүтээхэд шаардагддаг бүх авьяас тэр хоёрт байлаа.
Удалгүй тэд АНУ-ын засгийн газраас сургалтын кино хийх гэрээ хүлээж авчээ. Уг төсөл маш ашигтай бөгөөд сонирхолтой байсан учраас бусад бүх ажлаа хойш тавин, ханцуй шамлан орсон аж. 1928 онд ах дүү хоёрт “эрч хүчтэй хулганы” тухай санаа төржээ. Ингээд богино хэмжээний “Вилли хөлөг онгоц” хэмээх кино бүтээгдэв. Хөлгийн ахмад нь бяцхан хулгана байсан ба ингэж анх Микки Маус мэндэлсэн аж.
Анхны том амжилтууд нь “Тэнэг симфони” \1929 онд\ кино болон дэлхийн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болох “Цасан цагаан ба долоон одой”\1937\ -той хүрч ирлээ. 1940 онд “Пиноккио”, 1941 онд “Дамбо”, 1942 онд “Бэмби” гарч ирлээ. Дайны үед Дисней студи америк цэргүүдэд зориулсан кино бүтээж байв.
1955 онд Лос-Анжелесаас холгүй Диснейлэнд том паркийг нээсэн нь жуулчдын хамгийн их үзэх дуртай газруудын нэг болсон билээ.
Уолт, Рой хоёр ажлын эхэн үедээ Лос-Анжелест нэг өрөө байранд хамт амьдардаг байсан ба хоорондоо нэлээн маргалддаг байжээ. Нэгэн удаа Ройгийн бэлдсэн оройн хоолыг Уолт шүүмжилснээс болж, хүчтэй маргалдан, гар зөрүүлэхдээ хүрч, Рой тусдаа гэр бүлтэй болж гарахаар шийдсэн байна. Ингээд түүний хуриман дээр Уолт Дисней өөрийн ирээдүйн эхнэр Лилиан Баундстай танилцсан аж.
Уолт Дисней 25 нас хүртлээ, мөн банкинд 10 000 доллартай болтлоо гэрлэхгүй гэдэг байсан хэдий ч 1925 онд, 24 настайдаа Лилиантай гэрлэсэн байна. 1933 онд охин Диан Мари, 1936 онд Шарон охин мэндэлжээ.
Уолт Дисней өөрийн зүрх сэтгэлээ зориулсан ажлаас асар их таашаал авдаг байсан ба харин чөлөөт цагаа бүгдийг гэр бүлдээ зориулдаг байв. Тэрээр нэгэн удаа: “Хайр сэтгэл бусад бүх зүйлтэй тэнцэнэ гэдэгтэй санал нэг байна. Хэрэв хүнд хайр үгүй бол түүнийг тэр хэзээ ч бусдад өгч чаддаггүй” гэжээ.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )