238 хүний амь насыг авч одсон бразилийн Kiss шөнийн клубт гарсан түймрээс азаар амь аврагдсан бүсгүй долоо хоногийн дараа авто ослоор нас барлаа.
21 настай оюутан Жессика де Лима Рол тэр оройн үдэшлэгийн зохион байгуулагчдын нэг байсан ба тасалбар борлуулан, дисконд явахаар бэлдэж байжээ. Гэтэл түймэр гарсан Санта-Мариигаас холгүй орших Толедо хотод амьдардаг найз залуу Адриано Вебер Стефанел тодорхойгүй шалтгаанаар түүнийг үдэшлэгт явалгүй гэртээ үлдэхийг гуйгаад байв. Ингээд дуулгавартай бүсгүй найз залуугийнхаа үгэнд орон дисконд яваагүй аж.
Маргааш нь тэрхүү аймшигт явдлын тухай Жессика сонсоод шоконд орон, ямар азаар үхлээс аврагдсандаа итгэж чадахгүй байжээ. Гэвч энэхүү аз тохиолт, баяр баясал нь удаан үргэлжилсэнгүй.
Энэ долоо хоногт Адриано Толедогоос эцэг эхийнхээ амьдардаг суурин руу явахаар төлөвлөжээ. Жессика түүнтэй хамт явахаар Толедод очсон байна. Ингээд тэр хоёр аян замд гараад явж байтал том ачааны тэрэг тэдний машиныг мөргөн, Жессика газар дээрээ амьсгал хурааж, маргааш нь 21 насны төрсөн өдрөө тэмдэглэх гэж байсан найз залуу Адриано нь эмнэлэгт очоод өөд болсон аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )