Чилийн дарангуйлагч асан Аугусто Пиночетийн төлөөний хүнд хорлогдсон байж мэдэх, алдартай яруу найрагч Пабло Нерудагийн цогцсыг задлан шинжлэхээр болжээ. Энэхүү шийдвэрийг 1971 оны уранзохиолын Нобелийн шагналтны үхлийн шалтгааныг судалж байсан шүүгч Марио Карроса гаргасан аж.
Яруу найрагчийн цогцсын задлан шинжилгээний хугацаа тодорхойгүй ба энэ оны гуравдугаар сард хийж болзошгүй хэмээн Пабло Неруда сангаас баасан гаригт мэдээлжээ. Албан ёсны мэдээллээр бол тэрээр 1973 оны есдүгээр сарын 23-нд Сантьяго хотын нэгэн эмнэлэгт хорт хавдраар нас барсан аж. Энэ нь түүний найз, хууль ёсоор сонгогдсон социалист-ерөнхийлөгч Сальвадор Альендег хороон, цэргийн эргэлт хийн засгийн эрхийг булааж авснаас хойш 12 хоногийн дараа ба яруу найрагчийн оршуулга нь Пиночетийн дэглэмийг эсэргүүцсэн анхны жагсаал болж байжээ.
2011 онд Нерудагийн хувийн жолооч, туслах Мануэл Арайи мексикийн нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө түүний үхлийг хөндлөнгийн оролцоотой байж болох талаар дурдсан нь энэхүү асуудлыг босоход нөлөөлсөн байна. Тухайн үед Нобелийн шагналтны бие төдийлөн дордоогүй байсан ба ямар нэгэн хортой эм тарианы улмаас нас барсан байж болох талтай аж.
Мөн тэр үед Мексикийн элчин сайд байсан Гонсало Мартинес Корбал талийгаачийг өнгөрөхөөс нэг хоногийн өмнө уулзаж байсан ба Неруда тэр өдөр бие нь хэвийн, Мексикт орогнол олох талаар чөлөөтэй ярьж хөөрч, явж байжээ. Тэр үед Нерудагийн үхэл дарангуйлагч Пиночетад ашигтай байсан бөгөөд түүнийг эх орноос нь зайлуулах тохиолдолд ч шинэ дэглэмийн эсрэг аюул учруулахаар байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )