Хятадын цагаан сар “Дэнлүүний баяраар” дуусдаг

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 09

Хятадын оршин суугчид билгийн тооллоор Шинэ оны баяр буюу Чуньцзе \хаврын\ баярын бэлтгэлээ базаагаад дуусаж байна.

Баярын хэд хоногийн өмнөөс хятадын сая сая хүмүүс хүнс, бэлгээ базаацгаан, төрөлх хот суурин руугаа буцацгааж эхэлжээ. Энэ өдрүүдэд тус орны тээврийн хэрэгслүүд асар ачаалалтай ажиллан, олон сая хүнтэй аялагчдын армийг баярын ширээнээс нь хоцроохгүйн тулд хичээнгүйлэн зүтгэж байна.

Дундад улсын иргэд шинэ жилийн баяртаа зориулж бууз баншаа чимхэн, шарсан буюу утсан загас оролцуулсан олон төрлийн идээ унд бэлдэцгээдэг. Хүн бүр л шинэ онд гэр бүлийн аз хийморийг бэлэгддэг, “уурагт загасыг” улаан сүмсээр хачирлан, хэрчмийг ч болов хүртэхийг хичээнэ.

Чуньцзе баярын бэлтгэлийн нэгэн том хэсэгт гэр орны цэвэрлэгээ багтана. Булан, хонгилын хог новшийг “ухаж” цэвэрлэснээр тэнд шингэсэн ариун бус энергийг “шүүрдэн” зайлууллаа гэж үздэг аж. Мөн гадаа гудамжинд орших хар энергийг зайлуулахын тулд оршин суугчид баярын өглөөнөөс авахуулан салют буудуулж, цацруулдаг. Энэхүү тэсрэх, цацрах хэрэгслүүдийг хятадууд баяр наадмын үеэр хэрэглэх маш дуртай юм.

Хятадын шинэ жил 1911 оноос хойш Хаврын баяр гэж нэрлэгдэх болсон бөгөөд эрт дээр үеэс хамгийн чухал, хамгийн удаан үргэлжилдэг баярт тооцогдсоор ирсэн билээ. Энэхүү уламжлалт баяр нь өвлийн нар эргэдэг 12 сарын 21-нээс хойш хоёр дахь шинэ сар тохиоход таардаг аж. Хятадын цаг тооны бичгээр эхний сарын эхний өдрөөр эхлэн, шинийн 15-нд буюу Дэнлүүний баяраар дуусдаг аж.

Хятадуудын бодлоор, хаврын энэхүү анхны өдөр байгаль дэлхий сэргэж, шинэ оны цикл эхлэн, газар амилж, амьдралын нахиа дэлгэрч эхэлдэг өдөр гэж үздэг. Энэхүү баярыг зөвхөн хань үндэстэн төдийгүй манжуур, монгол, яотян, чжуан, гаошань, даура, дунцы гээд олон жижиг үндэстэн ястнууд бүгд тэмдэглэдэг билээ.

Эртний домогт өгүүлсэнчлэн, шинэ оны эхэнд хятадууд Нянь хэмээх шидэт амьтантай тулалдах хэрэгтэй болдог аж. Өөрсдийгөө хамгаалахын тулд хүмүүс орох хаалганыхаа хажууд элбэг дэлбэг идээ будаа тавин, их байх тусам уг амьтны уур хилэн номхордог гэж үздэг юм байна. Нянь өөрт нь зориулж тавьсан идээ будааг идэж цадаад, сэтгэл нь ханан, хүмүүсийг тайван орхидог гэдэгт олонх нь итгэдэг.

Мөн уг амьтныг улаан өнгөнөөс айдаг гэж үздэг тул айлууд үүд цонхон дээрээ улаан дэнлүү, улаан чимэглэл ихээр өлгөдөг. Хүүхдүүд нь эцэг эхдээ эрүүл энх, аз жаргалыг хүсэн золгож, хариуд нь тэдэнд ажлын амжилт хүсэн, улаан дугтуйнд мөнгө хийж өгнө.

Уламжлал ёсоор, хятадын шинэ жилийн баярыг маргалдсан талууд эвлэрэх хамгийн тохиромжтой цаг гэж тооцдог ба бүгд хуучин оны гомдол гунигаа мартан, бие биедээ энх амгалан, аз жаргалыг хүсэцгээдэг аж.

Д.Мягмарсүрэн

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top