Шведийн хойд зүгт нэгэн ер бусын тэмцээн өндөрлөжээ. Уг тэмцээн сүүлийн 10 жилийн турш Вестерботтен мужид явагдаж байгаа аж. Тэмцээний журам ёсоор, оролцогчид 48 цагийн турш хоёр метр өндөртэй мөсөн пирамид дээр гадаа сууцгаадаг юм байна.
Энэ жил 6 хүн ялагчаар тодрон, тэмцээний шагналын сан болох 20 мянган крон буюу 3,1 мянган долларыг хувааж авахаар болжээ. Энэ оны хувьд цаг агаарын нөхцөл нэлээн хүндрэн, шөнөдөө хасах 28,8 хэм хүртэл хүйтэрч байсан аж. Гэвч энэ нь оролцогчдод төдийлөн саад болсонгүй. Хоёр хоногийн хугацаанд шведийн иргэн Орса Бьерн Даниэльсаас бусад нь тэмцээнийг үргэлжлүүлсэн байна.
Дөрвөн эрэгтэй, хоёр бүсгүй мөсөн “тайзан” дээр 48 цагийг өнгөрүүлжээ. Дүрэм ёсоор цаг тутамд 10 минут доошоо бууж, тодорхой тогтоосон цагт унд хоол идэж ууж байсан аж.
Алжир, Афганистан мэтийн халуун дулаан орныхны төлөөлөл оролцсон уг тэмцээний ялагчид мөсөн пирамид дээр осгочихгүйн тулд өдөн хүрэм, үстэй малгай өмсөж, зузаан ороолт зүүсэн байна.
Тэмцээнд оролцогчдын өгүүлснээр, тэд мөнгөний төлөө бус харин сэтгүүлчид, орон нутгийн оршин суугчид, жуулчдын анхаарлыг татахын тулд тэмцэлдсэн хэмээн ярьжээ. “Хамгийн гол нь алдар нэр. Түүнээс биш би ийм зүйлд оролцохыг огтхон ч хүсэхгүйсэн” хэмээн нэгэн ялагч өгүүлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )