Сенкакугийн эзэн явсан Америк гүрэн хожихыг хүсч байвал..

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 10

Азийн тэргүүлэгч эдийн засгууд болох Хятад, Япон хоёр улсын  Сенкакү арлуудад эзэн суухын төлөөх маргаан  дайны салхийг даллаж болзошгүй байгаа нь дэлхий нийтийн хэвлэлүүдэд гарч байгаа мэдээллүүдээс харагдаад эхэллээ. Наран улсын Ерөнхий сайдын суудалд суусан даруйдаа АНУ-ын Ерөнхийлөгч рүү утас цохиж, тус улстай цэргийн салбар дахь хамтын ажиллагаагаа шат ахиулан хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байсан Шинзо Абе эрхэм Хятад улсыг буруушаасан байр сууриа шинээр тод томруунаар илэрхийлж байна. Тэрчлэн Япон улс цэрэг дайны бэлтгэл хангаж эхэлсэн талаар болоод БНХАУ-ын эрх баригчдын ууртай байр суурь зэрэг нь асуудал үнэхээр хурцдах нь уу гэсэн сэрэмжийг дагуулж байна.

Дуртайдаа биш төөргөөрөө газар нутгийн хувьд ойрхон  таарсан энэ хоёр улсын хоорон дахь харилцаа хүйтэрч, хэн хэндээ нүгэл үйлдэж явсан тохиолдлууд түүхэнд бий. Харин яг энэ цаг үед хурцдаад байгаа маргаан   Японы тал Сенкакү арлуудын гурвыг нь худалдан авч төрийн мэдэлдээ оруулсан тухай мэдээлэл гарснаас хойш улам дүрэлзээд байгаа. Манай өмнөд хөрш Хятад улс Япончуудад мөчөөгөө өгөхийг хүсэхгүй байгаа бөгөөд хөлөг онгоцуудаа  Сенкаку арлууд орчмын бүс рүү илгээх болсон нь зөвхөн Японы бус Америкийн эрх баригчдад таалагдахгүй байгаа нь анзаарагдаж ирсэн.   Хятад улс  эдгээр арлуудтай холбоотойгоор Япон улс руу халдаж байгаа нь өөрсдийнх нь ч  эрх ашигт харшилсан явдал гэж үзэж буй АНУ-ын тухайд маргааныг  даамжруулах сонирхолгүй янзтай харагдаж байгаа. Хэдийгээр их гүрний бодлогыг гаднаас нь дүгнэх аргагүй ч,  дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал арайхийн  гэгээ үзэх магадлал руу дөхөн ядаж байгаа энэ үед азийн тэргүүлэгч эдийн засгууд тэмцэлдэн босоцгоох нь, зохисгүй.  Тэрдундаа Америк, Хятад улсууд эдийн засаг,  худалдааны маргаануудаар тасардаггүй ч, аль алинаасаа худалдааны хамаарал өндөртэй болсоор байгаа ийм цаг үед эсрэг,  тэсрэг байр суурь дээр шууд очоод зогсчих нь боломжгүй харагдана. АНУ-ын тухайд Хятад руу экспортоо нэмэгдүүлэх, түүнчлэн оюуны өмчийнхөө эрхийг хамгаалах тал дээр ахицтай ажиллахыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн нь саяхных. Тэгэхээр маргалдагч хоёр талын нэгэнд илүү ойр байр сууриар хандах АНУ нөгөө улстай нь бас харилцан хамааралтай харагдана.

Гэтэл улам бүр хүчирхэгжин буй Хятад улс энэ маргааны асуудал дээр нурж унах янзгүй байна. Ямартаа л Япончуудын алхам нь унтаж байсан лууг сэрээсэн явдал боллоо хэмээн Оросын  шинжээчид тэмдэглэж буй талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Харин Япончуудын тухайд Сенкаку арлууд хэзээ ч луугийнх байгаагүй, анхнаасаа Наран улсынх байсан гэдэг дээр хатуу зогссоор. Тус улсын албан ёсны байр суурь болсон мэдээллээс харахад Японы Засгийн газар 1885 оноос эхлэн  Окинава мужийн холбогдох агентлагуудаар дамжуулан Сенкакү арлуудын талаар нарийн судалгаа явуулсан аж. Судалгааны дүнд Сенкакү арлууд дээр хүн оршин сууж байгаагүй ба Хятадын Чин улсын эзэмшилд байсан талаар аливаа баримт нотолгоо олдоогүй гэнэ. Тиймээс ч  Япон улсын Засгийн газар нь 1895 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоороо арлууд дээр тэмдэг босгон Сенкакү арлуудыг албан ёсоор өөртөө нэгтгэсэн гэжээ.  Ингэж  нэгтгэснээс хойш Сенкакү арлууд нь Японы газар нутгийн нэгэн хэсэг болох Нансэй Шото Арлуудын салшгүй хэсэг байсаар иржээ. Түүнчлэн эдгээр арлууд нь 1895 оны 5 дугаар сард хүчин төгөлдөр болсон Шимоносэки гэрээний хоёрдугаар заалтын дагуу Хятадын Чин улсаас Японд шилжүүлсэн Тайвань болон Пескадорын арлуудын бүрэлдэхүүнд багтаж байгаагүй гэсэн байна.

 Цаашлаад  Сенкакү арлууд нь Сан Францискогийн энхийн гэрээний 2 дугаар зүйлийн дагуу Япон улсын эзэмших эрхийг түдгэлзүүлсэн газар нутгийн бүрэлдэхүүнд ч ороогүй. Харин энэ  гэрээний 3 дугаар зүйлийн дагуу Сенкакү арлууд нь Нансэй Шото арлуудын бүрэлдэхүүнд ордогийн хувьд АНУ-ын мэдэлд оржээ. Тэгэхэд  Хятад улсын зүгээс ямар нэг байдлаар  эсэргүүцэл илэрхийлж байгаагүй нь Сенкакү арлуудыг Тайваний бүрэлдэхүүн хэсэг хэмээн тооцож байгаагүйг илтгэнэ. Харин 1970 оны сүүлээр Зүүн Хятадын тэнгисийн эх газрын хормой дахь газрын тосны нөөцийг хөгжүүлэх тухай яригдаж эхэлснээс хойш Хятадын засгийн газар болон Тайваний удирдлагын зүгээс Сенкакү арлуудын талаархи асуудлыг тавьж эхэлсэн.  Тэрчлэн  1971 оны 6 дугаар сарын 17–ны өдөр Япон, АНУ-ын хооронд Рюкю болон Дайто арлуудын талаар байгуулсан гэрээний дагуу эдгээр арлууд Японы мэдэлд очсон гэжээ.  Ерөөс эдгээр  баримтууд  нь Сенкакү арлууд  Япон улсын газар нутгийн нэгэн хэсэг болохыг тодхон харуулж байгаа гэж тус улсын зүгээс мэдэгдэж байгаа юм.

Тэгэхээр Сенкаку арлуудын төлөөх тэмцэл нь эцсийн дүндээ газар нутгийн гэхээсээ стратегийн үнэт түүхий эдтэй холбоотой гэдэг нь ойлгогдож байна. Хэн хэн нь бууж өгөхийг үл хүсч байгаа эл маргаанаас эцсийн дүндээ хэн хожих бол. Магадгүй нэгэн цагт Сенкакугийн эзэн явсан Америк гүрэн ч тун холыг харчихаад байж байгаа ч  юм билүү..

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top