Зөвхөн манай монголчууд лам, зурхайчдад хандаад байдаггүй. Бусад олон оронд буддын шашинтнууд билгийн тооллын дагуу сар шинийн баяраа угтахаас өмнө жилийн өнгө төрхөө танихаар зурхайчдад ханддаг. Тэгвэл манай хойд хөршийн ОХУ-ын Буриад улсын буддын шашинтнууд ч уламжлал ёсоор лам, зурхайчид хандаж, ирэх жилийн заслын номоо мэдэж авдаг талаар Оросын дуу хоолой мэдээлжээ. Тэнд өгүүлснээр Буриадын “Хамбын хүрээний“ лам Баир хар усан могой жил эм жил учир тааварлашгүй жил хэмээн тодотгосон байна.Гэхдээ түүний зурхайд энэ жил бүхэлдээ бол муугүй жил болох төлөвтэй буужээ. Түүний хэлснээр хүүхэд багачуудад ээлтэй сайн, зөөлөн байх ба дунд насны хүмүүсийн хувьд сөргөлдөөний жил болох магадлалтай аж. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэхгүй, сөргөлдөөнд орохгүй, хүйтэн зэвсэг биедээ авч явахгүй байхыг сэрэмжлүүлжээ. Харин ахмад насны хүмүүсийн хувьд биеэ энхрийлүүштэй гэсэн байна. Мөн түүний зурхайд бууснаар энэ жил хотууд болон том суурин газруудад гал түймэр олон гарах магадлалтай байгаа бөгөөд сейсмологийн аюултай бүсүүдэд газар хөдлөх аюултай гэнэ. Түүнчлэн газар, усыг хөндөх болон ой модыг огтлохоос зайлсхийвэл сөргөлдөөнөөс сэрэмжилж чадна гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )