Өчигдөр АНУ-ын Дэлавэр мужийн шүүхийн байран дотор буудалцаан болсны улмаас хоёр хүн амь үрэгдэн, хоёр хүн шархадсан байна. Энэ талаар орон нутгийн цагдаагийн газраас мэдээлжээ.
Орон нутгийн цагаар өглөөний 8-д шүүхийн байрны вестибюльд байсан нэгэн эр тэнд байсан эмэгтэйг буудсан ба хожим тодруулснаар түүний эхнэр байсан аж. Тэнд хүрэлцэн очсон цагдаагийнхан түүнийг бууж өгөхийг сануулсны хариуд уг этгээд гал нээн, нэг цагдаа, нэг энгийн иргэнийг шархдуулсан байна. Үүний дараа тэрээр цагдаа нарт буудуулан амь эрсэджээ.
Сүүлийн үед АНУ-д буутай холбоотой хэрэг ихээр үйлдэгдэж байгаа ба сүүлийн үеийн жишээнээс татахад, хоёрдугаар сарын 10-нд Жоржи мужид нэгэн залуу замын хажуу дахь кафед гал нээн гурван хүн шархдуулсан, 8-нд Флорида мужийн их сургуулийн кампуст үл мэдэх этгээд хүн буудсан, нэгдүгээр сарын сүүлээр Аризона, Алабама мужуудад томоохон хэргүүд гарч хүмүүс амь үрэгдсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама галт зэвсгийг хяналтгүй тараах явдалтай эрс шийдэмгий тэмцэж эхлээд байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )